Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр (2019.05.30) зохион байгууллаа. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ жагсаалд АН дүүргийн намын хороодын ажилтнуудаа зохион байгуулалттайгаар нэлээд түлхүү татан оролцуулжээ.
Жагсаалын ерөнхий дүр зургаас ажихад, энэ удаагийн жагсаалд маш их хөрөнгө зарсан нь тод харагдаж байлаа. Тухайлбал, анонсоос гадна эрх баригчдын дүр бүхий маскууд, тэдний хэвлэлмэл зургууд, маш их ур гаргаж хийсэн хиймэл хүмүүсийн дүр гээд дурдвал их хэмжээний мөнгө зарсан олон зүйлийг жагсаалдаа ашиглажээ. Энэ бүхэн дараа нь хог дээр хэвтэнэ гэдэг л хайран.
Жагсагчид мах, бензиний үнэ тэнгэрт хадаж, сурагчид сүрьеэ өвчинд нирвэгдэж, иргэдийн амьдрал тартагтаа тулж, яс буцалгаж өл залгуулж байна хэмээн хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлж байв.
Мөн Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн иргэн, Налайхын уурхайд гурван иргэн төрийн хариуцлагагүй байдлаас болж амиа алдсаныг жагсагчид нэхэн санууллаа. Нэг жилийн дотор нийслэлд авто замын ослоор 45 хүүхэд хорвоог орхиж, халдварт өвчний эрсдэл дунд амьдарч байгаа зэрэг олон асуудлыг дурдаж буй тэд “ёс зүйгүй УИХ тарж, чадваргүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байна” гэсэн нэг шаардлага дор нэгджээ. Шаардлага, зорилго нь тов тодорхой энэ жагсаалд зарцуулсан тэр зардлаа арай бодит зүйлд ашигласан бол АН илүү “очков” авах байсан болов уу гэх бодол хэн хүнд төрсөн нь лавтай.
Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан АН-ын зүгээс УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай
Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Ардчилалын тулгуур зарчмуудыг устган, уландаа гишгэхийг үл тэвчиж, Парламентын ардчилал, Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.
60 тэрбумын гэгдэх авлигаар 65 суудал авсан эрх баригч та бүхний сонгон байгуулсан Засгийн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөөр Улсын Их Хурлын гишүүдийг хахуульдаж улмаар тэднээр дамжуулан хууль хулгайлах замаар хулгайгаа хариуцлагагүй, худал хуурмагаа үнэн болгож хүчирхийлэл, аллагыг өөгшүүлж ардчилалын үндэс болсон иргэний сонгох сонгогдох эрхийг хүртэл үгүйсгэн дарангуйлалыг тогтоох эхлэлийг тавилаа.
Засгийн газрын худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Шоронд ч үгүй болсон өвчин сургууль эзэлж буй нь төр засгийн хариуцлага ямар хэмжээнд унасаныг шууд илтгэх биз ээ.
Иймд Улсын Их Хурлын дарга танд авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн Засгийн газрыг дараах үндэслэлээр нэн даруй огцоруулах шаардлагыг хүргүүлж байна.
Нэгэн зүйл. Иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, их хэмжээний мөнгийг Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд зохион байгуулалттайгаар тарааж, хахуульдсан.
Жич: Ийм олноороо мал адил сүрэглэн, хувийн шуналдаа өөрсдөө хээлтэн, хахуульдуулсан хууль тогтоогчид Монгол Улсын түүхэнд урд өмнө байсангүй.
Нэгэн зүйл. Олон сая долларын авлигад өртсөн сайдуудын тухай яриа өгүүлэл гадна дотноос ирдэг боллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд тодорхой тоо, дүнтэйгээр эдгээр авлигын тухай ил тод хэлж байна. Яам, агентлагуудад үйлдэл дээрээ баригдсан авлигын хэргүүд ээлж дараалан гарлаа. Тэдний цефнээс хураагдсан авлигын мөнгө нэг хүн байтугай нэг хэсэг хүн дарж алах хэмжээнд хүрсэн байна. Гэтэл авлигачид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр суллагдаж эхэллээ. Ингэж суллагдах авлигачдын цуваа УИХ, Засгийн газраар дүүрэн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх Үндсэн хуульд заасан үүргээ Засгийн газар биелүүлэх бус өөрсдөө гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг болсныг хууль зүйн сайдаас авхуулаад олон сайд дарга нарын үйлдэл, ярианаас харж байна. Төрийг төгрөгөөр олигархуудад зардаг байсан 60 тэр бумын авлигчид, дүрээ өөрчлөөд улсыг доллароор гадныханд худалддаг болсон юм биш үү!
Нэгэн зүйл. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газрыг толгойлж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө дангаараа хариуцдаг Ерөнхий сайд, УИХ-д хэт олонхи болсон эрх баригч намын дарга нь иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулийн манаачтай хамсаад хулгайлдаг явдал хоёр жил дараалан гарлаа. Давтан үйлдэгдсэн энэ гэмт үйлдэл, сонгуулиас айдаг улс төрч, ордны хуувилдаан, томилгооны эрх мэдлээр дамжин Үндсэн хуулийг хэрхэн хулгайлж, сонгогчдыг сонгох эрхгүй болгож болдгийг харууллаа.
Нэгэн зүйл. Эрх мэдэл, хулгайн мөнгөндөө сагасан эрх баригчдын архидалт яам тамгын газрыг байтугай улс орныг хөлчүүрхүүлж байна. Том дуутай, сүр ихтэй сайд дарга нар албатуудынхаа өрөө тасалгаанд архи хайж нэгжлэг хийж шоудахаас илүүтэй даргадаа эрэмшсэн тавиулуудынхаа толгой дотор архиа, авлига хоёроо хайх цаг болж. Тэдний чинь агсан согтуу хэтэрээд хүний амиар шараа тайлдаг боллоо. Яам, агентлагт хүн алдаг байснаа болиод одоо төрийн ордонд хүн үхүүлдэг боллоо.
Нэгэн зүйл. Салбар бүрт хүний амь эрсдэж байна. Амь эрсдсэн учирал бүрийн ард албан тушаалтны хариуцлаггүй байдал илэрч байна. Цэвэрлэх байгууламж, уурхай, цэрэг, цагдаа гээд үхэл дагуулсан дарга нарын хариуцлаггүй байдал У.Хүрэлсүхийн засгийн газрын ажлын тайлан мэт харагдах боллоо. Хариуцлага ярьж засгаа унагасан улс төрчид хариуцлагаа мартаад хүнээ үхүүлсээр байх уу? Үхэхээс айхгүй Ерөнхий сайд, үхүүлэхээс айхгүй сайдууддаа хэзээ хариуцлагын сэлмээ гаргаж үзүүлэх вэ? Хэлэхэд муухай ч хэлэхээс өөр аргагүй үг байна. Иргэд гадуур Хүрэлсүхийн Засгийн газар үхэл дагуулсан Засгийн газар боллоо гэж ярьцгааж байна шүү.
Нэгэн зүйл. Ард түмнийхээ төлөө махаа барж, ясаа цайтал зүтгэж буй сайдуудын буянаар ард түмэн чинь махны бараа харахаа болиод хоосон яс чанах дээрээ туллаа. Сайд дарга нараа төгрөгийн ханш хоолонд хүрэхгүй болсныг мэдээд та бүхэн минь доллароор цалинждаг болоо юу. Дарга нарт гологдсон тэр төгрөг чинь үнийн өсөлтөөс болоод иргэддээ ч тогтохоо болилоо. Ерөнхий сайд Хүрэлсүхийн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт үг цуурай төдий үг байв уу. Үнийн өсөлт халаасны хулгайч шиг л иргэдийн халаасыг хоослоод эргүүлчихлээ.
Дарга нарын том тэрэг шатахуунаар бялхаж, эхнэр хүүхдийг нь зөөж байхад
Жирийн иргэд пруссээ түрэх нь холгүй мөлхөж байна.
Гишүүд нь 3 хувийн зээл хувааж идэж байхад
Иргэд нь 30 хувийн зээлд дарлуулж байна
Яамдын өрөөгөөр авлига тэнүүлчилж байхад
Сургуулийн танхимд сүрьеэ орогнож байна
Сайд дарга нар сархадаа хэтрүүлж, биеэ сувилуулж явахад
Салбарт нь хүн үхэж байна
Хэдий болтол мангас ярьж, иргэдээ мангасаар айлган өөрсдөө мангас болж суух вэ, эрх баригчидаа!
Архидалттай, аллагатай, авлигатай, айдастай У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж байна.
АРДЧИЛСАН НАМ
2019.05.30
1 comment
Манай хамаатны дүү ѳчигдѳр ярьж байсан 1 хүний 10000 тѳгрѳг ѳгнѳ та ирэхгүй юм уу ѳѳр дахиад хүн байвал аваад ирээрэй гээд. Бодит байдал дээр ийм л байна.