Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр нийслэлийнхний бас нэгэн тулгамдсан том асуудал. Хэдийгээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж яамнаас мэдээлж байгаа ч өмхий үнэр Улаанбаатарыг нөмөрч, иргэдийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлсөн хэвээр гэдгийг сэтгүүлчид удаа дараа хөндөж байна.
БХБЯ-наас төсөл хэрэгжүүлж, лагийг бордоо, хөрс болгох туршилтын ажил үргэлжлэн, тодорхой үр дүн гарч эхэлсэн гэж мэдэгдсэн бол бодит байдал дээр ямар дүр зурагтай байгааг NTV телевизийн сурвалжлагаар хүргэе.
Төв цэвэрлэх байгууламжийн лаг шахах бассейн ачааллаа дийлэхээ больсоноос болж СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 3.8 га задгай талбайд лагийг асгаж байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд өмхий үнэр тархжээ. Тус талбай дахь 10 гаруй самбар дээр хог асгахыг хориглосон хуулийн заалт байсныг бүгдийг нь хуулж хаясан байна.
Өдөрт 18 Hovo маркийн ачааны автомашин 6-7 удаа тус талбайд цэвэрлэх байгууламжийн лагийг асгаж, шороогоор булж байгаа энэ ажил эхлээд 10 гаруй хоножээ.
Лагийг бордоо болгох төслийн ажлыг Эко тайхи компани гүйцэтгэж байгаа. БХБЯ-наас тус талбайд лаг асгах зөвшөөрлийг гүйцэтгэгч компаниудад өгсөн аж. Яамнаас мэдэгдэхдээ дулаанд ялзралын энэ үнэр дэгддэг ч хүний биед шууд ноцтойгоор нөлөөлөхгүй, гэсэн ч байх ёсгүй асуудал гэж хоёр үзүүртэй тайлбарыг хэлсэн байв.
Тус талбайгаас 3 км орчим зайд гэр хорооллын иргэд амьдарч байгаа бол тухайн талбайн ойр орчимд олон оффис, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг аж. Лагийн өмхий үнэрээс болж толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, ойр ойрхон бөөлжих тохиолдлууд гарч байгааг иргэд хэлжээ. Энэ өмхий үнэр нь хүний амьсгалын эрхтэнг цочроох, харшил үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас тайлбарласан байна.
Цэвэрлэх байгууламжаас дахин 19 карт буюу 193705 м.куб лагийг дээрх талбайд асгах дутуу байгааг ажилчид нь хэлсэн байна.
1 comment
БХБЯ-ханыг лагтай нь хамт бул.