Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, түүнд тохируулан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын онцлог юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-2016 он Монголын эдийн засгийн хувьд хямралтай гэж хэлж болохоор жил байсан. Монголбанкны удирдлагын шинэ баг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, дунд болон урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж ажилласан. 2016 оны сүүлээр Засгийн газартай хамтарч Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, дунд хугацаанд тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2017 оны эхээр ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хоёр хөтөлбөрийн хүрээнд бодлогын гол зорилтуудаа тавьж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр богино хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн нь статистик тоон мэдээллээс харагдаж байгаа.
2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.6 хувиар агшиж байсан бол 2017 онд 5.3, 2018 онд 6.9 хувийн өсөлттэй гарсан. 2019 оны эхний улиралд жилийн дүнгээрээ 8.6 хувийн өсөлттэй гарлаа. Бид 2019 онд эдийн засгийн өсөлт 7 хувиас доошлохгүй байх гэсэн төсөөлөлтэй байна. Ер нь бол макро тогтвортой орчныг бий болгоход хоёр үндсэн бодлого бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого. Төсөв тухайн жилийнхээ орлогоос хамаарч зардал дээш, доош хөдөлж байдаг. 2016 онд улсын төсөв ДНБ-ий 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсан бол 2018 онд алдагдалгүй, орлого нь зарлагаасаа давсан үзүүлэлттэй гарсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилготой бүтцийн өөрчлөлтийн бодлогууд маань тодорхой үр дүнд хүрсэн байна. Эндээс бодлогын шийдвэрүүд зөв байжээ гэдгийг харуулж байна.
-Ер нь Төвбанкуудын үндсэн зорилт инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалахад байдаг. Монголбанк ч мөн үүнд зорьдог. Энэ зорилт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангагдаж байна. Үүнээс гадна Монголбанк анх удаа макро зохистой бодлогын шийдвэрүүдийг банкны салбарт хэрэгжүүлж эхэлсэн нь бас нэг онцлог байлаа шүү дээ?
-Төвбанкны үндсэн зорилго хуулиараа “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах”, бүр тодорхой хэлбэл, үнийн тогтвортой байдлыг хангахыг зорьж ажилладаг. Инфляцийн түвшин сүүлийн гурван жилд 6-7.5 хувийн орчимд байлаа. Төвбанк инфляцийг 8 хувьд тогтворжуулах зорилгодоо хүрч, ажиллалаа. Одоо хүрсэн үр дүнгээ цаашид удаан хугацаанд хадгалах, инфляцийн түвшинг 8 биш 6 хувь руу оруулах талаар дараагийн зорилтын арга хэрэгслүүдийг төлөвлөж, тодорхой хэмжээнд шийдвэр гарган ажиллаж байна. Дээрх гурван жилийн хугацаанд бодлогын хүүг 15 хувиас аажмаар бууруулж, 10 хувьд хүргээд, өнгөрсөн оны эцэст эргээд нэг нэгж хувиар өсгөж 11 хувь болгосон байгаа.
Бодлогын хүүгийн энэхүү өөрчлөлт нь эдийн засгийнхаа суурь орчноос хамаарсан. 2017 онд эдийн засгийг хүндрэлээс гаргаад, сэргээх чиглэлд бодлого хэрэгжсэн учраас бодлогын хүүг бууруулсан. 2018 онд эдийн засгийн сэргэлт нэлээд эрчимжиж, дотоод эрэлтээр дамжин эдийн засгийг хэт халаах, инфляцийг хөөргөх эрсдэл бий болсон. Тийм учраас Монголбанкнаас мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хэт халалтаас урьдчилан сэргийлсэн юм. Нөгөөтэйгүүр зөвхөн бодлогын хүүгээр эдийн засгийг бүхэлд нь удирдах боломж байхгүй. Тийм учраас сүүлийн жилүүдэд олон улсын бусад төв банкны хувьд ч тэр жишиг болж буй макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг хэрэглэж эхэллээ. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдэж, 2017 оны байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн бараг 70-80 хувь нь хэрэглээний зээл болж өссөн. Энэ нь хэрэглээг дэмжиж байгаа хэдий ч зээл бодит секторыг дэмжих, бизнес рүү гарах нь багассанаар сөрөг үр дагавар авчрах магадлалтай болсон. Тийм учраас макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиар тогтоох, хугацааны хувьд 30 сараар хязгаарлах бодлогын шийдвэрүүдийг гаргасан нь тодорхой үр дүнд хүрсэн. Өнөөдрийн байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн 30-40 хувь нь хэрэглээнд, 50-60 хувь нь бизнес рүү чиглэсэн байна. Нөгөө талаар хэрэглээний зээл хавтгайрч нэмэгдэхийн хэрээр импортыг маш ихээр дэмждэг. 2018 онд Монгол Улсын нийт импорт 40 гаруй хувиар нэмэгдсэн. Үүний 20 орчим хувийг хэрэглээний импорт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн импорт нэмэгдэх нь валютын нөөц, ханшид дарамт учруулах эрсдэлтэй. Тийм учраас үүний эсрэг бодлогын арга хэмжээ авсан. Хэрэглээний зээлд хязгаар тогтоохоос гадна валютын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэмэгдүүлсэн байгаа.
-Банкны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх хүрээнд активын чанарын үнэлгээ хийгдсэн. Энэхүү үнэлгээ банкны салбарт ямар шинэ нөхцөл байдлыг бий болгосон бэ?
-Энэ тухай ярихын тулд эхлээд 2016 он яагаад эдийн засгийн хүндрэлтэй жил байсан бэ гэдэг асуудлыг товч дурьдах нь зүйтэй байх. Банкны системийн хэмжээгээр зээл олголт бүрэн зогсож, зээлийн тасалдал бий болсон байсан. Харин 2017 онд зээл 30 гаруй хувиар өссөн, 2018 онд 28 хувиар өссөн. Эдийн засаг, бизнес, аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд зээл олгогдож эхэлсэн гэдгийг дээрх тоонууд илэрхийлнэ. Хоёрдугаарт, 30 хувийн өсөлт нь өөрөө их зохистой тоо юм. 30-аас илүү хувиар өсвөл эдийн засаг хэт халах, мөнгөний илүүдэлтэй холбоотойгоор үр ашиггүй зарцуулагдах, дараагийн хямралд дохио авч чадахгүйгээр огцом савлагаа үүсэх магадлалтай учраас Төвбанкны зүгээс аль болох болгоомжтой хандсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ утгаараа 2017-2018 онд мөнгөний нийлүүлэлт 20 хувиас хэтрээгүй.
ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд нийт банкны системд Европын төв банкны аргачлалаар активын чанарын үнэлгээ хийлээ. Энэ нь Ази тивдээ анх удаа европын стандартаар активын чанарын үнэлгээ хийсэн улс болсон. Үнэлгээний үр дүн тун боломжийн буюу нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Энэ нь ДНБ-ий 1.9 орчим хувьтай тэнцэж байгаа. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зургаан сарын хугацаатай үүргийг банкуудад өгсөн. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Дараагийн шатанд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгө нь хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдсөн хөрөнгө байна уу, хуулийн дагуу хийгдсэн байна уу гэдгийг шалгах ажил үлдэж байгаа.
Эдийн засгийн өсөлтөд санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжлэх нь хамгийн чухал. Хувийн секторт очих зээл хэвийн явагдаж байж, эдийн засаг тогтвортой байдаг. Энэ утгаараа санхүүгийн систем тогтвортой байснаар эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал дэмжигдэж байгаа. Энэ утгаараа активын чанарын үнэлгээ хийгдээд, түүний дагуу шаардлагатай хөрөнгийг олсон гэдэг маань дунд, урт хугацаанд санхүүгийн салбар эдийн засгийнхаа өсөлтийг хангалттай хэмжээгээр дэмжиж өгөх чадалтай байна гэдгийг тодорхойлж байгаа юм.
-Монголбанк сүүлийн жилүүдэд илүү нээлттэй ил тод байдлыг эрхэмлэх болсон нь ажиглагдлаж байна. Тэгэхээр олон улсын Төвбанкуудын жишигт нийцэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна уу?
-Төвбанкийг олон улсын жишигт нийцсэн институци хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд төв банкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөр маань дотроо хууль эрх зүйн шинэчлэл, төв банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, боловсон хүчин, хүний нөөцийг чадавхижуулах, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажиллах орчныг сайжруулах зэрэг бүлэгтэй. Эдгээрээс хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нэлээд дорвитой ажлууд хийгдсэн гэж үзэж байгаа. Банк, санхүүгийн системд үйлчилдэг 20 гаруй хууль бий. Эдгээрээс 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулсан. Хамгийн том нь Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлт болж байгаа. Мөн шинээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлуулсан. Энэ хууль маань санхүүгийн салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд томоохон түлхэц өгч, урьдчилсан зохицуулалтыг нь бүрдүүлж өгсөн. Төв банкны тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлт гарсан. Төвбанкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргадаг байсныг мөнгөний бодлогын хороо, хяналтын шалгалтын хороо буюу хамтын удирдлагын зарчимд шилжүүллээ. Цаашид ч хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Тухайлбал, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй харилцагчийг хамгаалах шаардлага бий. Энэ хүрээнд бид Санхүүгийн хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах хуулийн төслийг бэлэн болгоод байна. Мөн Векселийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг боловсруулсан. Банкин дахь муу активыг шийдвэрлэх зорилгоор Активын удирдлагын тухай хуулийг боловсруулж байна. Түүнчлэн хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлд нэлээд томоохон ажлууд хэрэгжүүлж байгаа. Хүний нөөцийн ур чадварыг сайжруулахаас гадна нийгмийн талаас авах арга хэмжээнүүдийг өргөжүүлж байна.
Үүнээс гадна хамтын ажиллагаа маш чухал. Ижил төстэй орнуудын төв банктай хамтын ажиллагаагаа сайжруулахаас гадна олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талын үйл ажиллагаа өргөжиж байгаа. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс гадна Дэлхийн банк, АХБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэгтэй хамтарсан олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, тэдгээрээр дамжин олон төрлийн санхүүжилт орж ирж байна. Эдгээр нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой байх бас нэгэн суурь шалтгааныг бүрдүүлж байна. Валютын ханш тогтворжиж, валютын нөөц сүүлийн гурван жилийн хугацаанд 3.7 дахин өсч, 3.7 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ бол ҮАБЗ-ийн үзэл баримтлалд заасан нэг жилийн импортын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцийн түвшин рүү нэлээд ойртсон хэмжээ болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин