Дэлхийн хамгийн баян хүн, Amazon-ы эзэн Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Безос хөрөнгийнхөө тал хувийг сайн үйлсэд хандивлаж, хормын төдийд л Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн од болжээ.
“Forbes” сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн дөрөвдүгээрт бичигддэг тэрбээр 36 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Үүнийхээ яг тал хувийг нь буюу 18 тэрбумыг тэрбээр сайн үйлсэд хандивласан байна.
Мягмар гарагт тэрбээр “The Giving Pledge”-д гарын үсэг зурж, Билл Гейтс, Дэвид Рокфеллер, Марк Цукерберг, Илон Маск, Майкл Блумберг нарын багтдаг хамгийн баян хандивлагчдын клубт элсчээ. Энэ клубт нийт 200 хүн гарын үсэг зурсан байдаг. Олон хүн мэт боловч энэ бол дэлхийн бүх тэрбумтны 7-хон хувь нь аж.
“Бид бүгдээс хэн ч бусадтай хуваалцахын тулд сейфнээсээ гаргаж ирж чадах олон нөөц бололцоо бий. Цаг хугацаа, анхаарал халамж, мэдлэг, тэсвэр тэвчээр, бүтээлч чадвар, авьяас билиг, хүч чармайлт, хошин шог мэдрэмж, зовлон хуваалцах чадвар гээд дурдвал зөндөө” хэмээн Маккензи Безос тэмдэглэжээ.
Маккензийн шийдвэрийг хуучин нөхөр, Amazon-ы эзэмшигч Жефф Безос ч талархан хүлээн авсан байна. Тэрбээр экс эхнэрээ Twitter-ээр дэмжиж, бодлоготой, үр бүтээлтэй хандивлагч болно гэдэгт нь итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч эхнэрээ дэмжсэн биш, өөртөө олон шүүмж хүлээн авсан байна. Түүнийг баян хэрнээ долоон жилийн турш энэ клубт орохгүйн тулд аргацааж ирсэн гэж хүмүүс мэдэгджээ.
Жефф, Макканзи Безос нар ямар нэгэн дуулиан шуугиангүйгээр салсан юм. Тэдний салах болсон шалтгаан нь Жефф хөтлөгч Лорен Санчестай уулздаг болсонтой холбоотой. Ингээд 25 жил ханилсан тэд тохиролцон салж, Жефф Amazon-ы хувьцааны 75 хувь, Blue Origin компани, The Washington Post сониноо бүтнээр нь авч үлдсэн юм. Харин Маккензи Amazon-ы хувьцааны 25 хувийг л авсан боловч өдгөө үүнийхээ тал хувьтай үлджээ.
Эх сурвалж: vesti.ru