Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Хөрөнгө оруулалт-түншлэл 2019” уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, тус салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж буй 100 орчим компанийн удирдлагыг оролцууллаа. Тус салбарын хувьд он дамжин үргэлжилж буй 222 төсөл, арга хэмжээний 191 нь 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ч гүйцэтгэл хангалтгүй байгаа юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг би ажил авсан даруйдаа та бүхэнтэй уулзсан. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 71 хувиас дээш байсан 24 барилга, байгууламжийн 15 нь өнөөдрийн байдлаар ашиглалтад оржээ. Өнгөрөгч хоёрдугаар сард тавьсан зорилтын биелэлт 62.5 хувьтай байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт.
Хүлээгдэж буй барилга бүрийн цаана сургууль, цэцэрлэггүй олон мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдсөөр байна. Санхүүжилтээ авч чадсан шигээ ажлаа хугацаандаа гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг бид шаардана. Мэдээж ажлаа хийж чадаж байгааг нь дэмжинэ. Чадахгүй байгаатай нь хуулийн хүрээнд хариуцлага ярьж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Дараа нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр 2019 оны хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээлэл хийж, барилгын явц, барилгачдын цаг баримтлал, зохион байгуулалтад хяналт тавих зорилгоор яамны төрийн албан хаагчдад 2-4 төсөл, арга хэмжээг хариуцуулж, явцын мэдээг 14 хоног тутам нэгтгэн Засгийн газарт танилцуулж, яаралтай зарим асуудлыг шийдвэрлүүлж байгаагаа хэлэв.
Уулзалтад барилгын компаниудаас гадна Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаныхан оролцлоо. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгож, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд тал талаасаа анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байна.
БСШУСЯ-ны зүгээс хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тухайлбал, 2008-2016 оны хооронд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн боловч энэ онд хөрөнгө батлаагүй 22 төсөл, арга хэмжээний хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоол гаргуулан зогсонги байдлаас нь гаргахаар ажиллаж байна. Мөн ажил нь завсарлаад байсан 31 объектын үндсэн гүйцэтгэгч нартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нь сунгаж, ажиллах боломжоор хангажээ.
Сангийн яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем болон ирэх 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. Уг өөрчлөлтөөр цахим тендерт оролцогчид бусад оролцогчдын илгээсэн материалыг харах боломжтой болж, тендер шалгаруулалтын зохион байгуулалтын талаарх хардлагыг арилгах, үнэлгээг хянах боломжтой болсон байна.
Мөн төртэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнд заасны дагуу ажил, бараа, үйлчилгээгээ хийж гүйцэтгээгүй хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад хамруулж, цаашид гэрээ байгуулах эрхийг хязгаарлах зохицуулалт багтжээ.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам