Үндсэн хуулийн цэцийн дунд шатны хуралдаанаас гаргасан УИХ-ын Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль товлон зарлах тухай тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэртэй холбогдуулан МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сонгууль явуулна гэж зарлаад, Үндсэн хуулийн цэцээр болиулдаг энэ үзэгдэл хэрээс хэтэрлээ гээд, УИХ ажлаа хийж чадахгүй, ҮХЦ гэж байхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаагаа МАХН илэрхийлэв. Тэд 42-р тойргийн сонгуулийг түдгэлзүүлсэн нь монголчуудын сонгох эрхэд халдаж байгаа бүдүүлэг үйлдэл гэсэн юм.
МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан “Эрх зүйч нараар онол гаргаад, онолын асуулт зохиогоод, танин мэдэхүйн асуултын хариултуудыг олох гэж дөрвөн цаг сууцгаасан. ҮХЦ-ийн өчигдрийн маргаан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Шийдвэр нь хууль зүйн үндэсгүй, хууль ёсных биш болчихлоо. Зөвхөн өргөдөл мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэдэг. Гэтэл тэд “УИХ-ын гишүүн байсан Г-г үндэслэлгүй чөлөөлчихлөө” гэх маргаан үүсгээд, хэлэлцүүлгийн үед тэр нь ҮХЦ-ийн харьяаллын бус асуудал болмогц өргөдөлд дурдаагүй асуудлаар дүгнэлт гаргаад, эхэлсэн байсан сонгуулийг зогсоож байна. ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх хуульд “Өөрийн харьяаллын биш асуудлаар маргаан хэлэлцүүлэхгүй” гэж заасан байдаг. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал нь үндсэн хуулийн хэлэлцэх маргаан биш. Төсвийн хуулийг зөрчсөн талаар өргөдөл, мэдээлэл гараагүй байхад ийм шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн утга агуулга нь “Ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих эрхтэй”, “Монгол Улсын их хуралд 76 гишүүнтэй байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Эхэлсэн байсан сонгуулийн ажлыг зогсоосон шийдвэр нь хууль ёсны бус гэдгийг нотолж байгаа учраас Цэц үүнийгээ өөрөө засах хэрэгтэй” гэв.
Энэ үеэр Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр МАН-ын захиалгаар Цэц ээлжит жүжгээ тоглож, Хэнтий аймгийн иргэдийг доромжилж байна, биднээс айж байна гэж байр сууриа илэрхийлж байлаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц хэлэлцээд ийм шийдвэр гарч магадгүй гэдгийг бид таамаглаж байсан. Гэхдээ цэцийн гишүүд дотор цэцийнхээ нэр төрийг боддог хүмүүс байж магадгүй гэж бодсон. Энэ бол жүжиг. Би тавдугаар сарын 10-нд буюу цэцийн шийдвэр гарахаас 17 хоногийн өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн. Гэтэл МАН-аас тодорхой хүмүүст даалгавар өгч цэцэд гомдол гаргуулж байгаа юм байна. Онолын цэц юм бол ард түмний сонгох эрхэд удаа дараа ингэж бүдүүлгээр халдаж, Үндсэн хуулийн утга агуулгыг мушгин гуйвуулж, ардчилсан үндсэн хууль биш, дарангуйллын үндсэн хууль болгохоо болих хэрэгтэй” гэсэн юм.