Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ бямба гарагт тохионо. Манай улс энэ жил ‘Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ өдрийг угтан “Хүүхдээ сонсох өдөр” зохион байгуулах юм.
Мөн “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болох талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газрийн удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд өнөөдөр (2019.05.28) мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ийг угтан нийслэлийн есөн дүүрэгт Хүүхдийн чуулган зохион байгуулж, хүүхдүүдийн дэвшүүлсэн саналуудыг эцэг, эхчүүд болон багш нар, шийдвэр гаргагчдад хүргэхээр ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд эцэг, эхчүүдийн анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хамгаалж, хөгжүүлж байх үүрэгтэй. Хүүхдийн баяраар бид бэлэг өгөхдөө ч хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож байхыг уриалъя. Ер нь хүүхдийн эрхийг хамгаална, хүүхдээ сонсоно, хүүхдийг хөгжүүлэх гэдэг бол зөвхөн нэг өдөр яриад өнгөрөх асуудал биш учраас жилийн 365 өдөр байнга анхааралдаа байлгах учиртай сэдэв юм” хэмээн мэдээллийн эхэнд онцолсон.
Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд бэлтгэж байгаа бөгөөд Хүүхэлдэйн театрын найруулагч Алтантуяагийн удирдлагад 1500 орчим хүүхэд багачууд, мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар 60 гаруй хүүхэд гэр бүлийнхнээсээ төөрч, багагүй эрэл сурал болсон тул энэ удаад эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа илүү сайжруулж, аюулгүй байдлыг сайтар хангахыг нийслэлийн Цагдаагийн газрынхан анхааруулав. “Ялангуяа энэ зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хэм 22 градус байх тул эцэг, эхчүүд гол ус руу салхинд гарахаар болбол хүүхэд багачууддаа байнгын хараа хяналт тавьж, усанд осолдохоос сэргийлээрэй” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүллээ.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Зайлшгүй тээврийн хэрэгслээ унах шаардлагатай бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулах юм байна. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Хүүхдийн баяраар хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудад хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүний чанар, тоглоомуудын аюулгүй байдлыг хангах ажлыг есөн дүүрэгт эхлүүлсэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах ажлууд:
№ | Хугацаа | Үйл ажиллагаа | Хэзээ | Тайлбар | Холбогдох дугаар |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагаа | |||||
1 | 2019.05.29 | Хүүхдээ сонсох өдрийн хэлэлцүүлэг | 12:30-14:30 | “Пума империал” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн удирдлагууд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн хүүхдийн 9 элч, эцэг эхийн төлөөлөл, 45 хүүхдийн төлөөлөл оролцох бөгөөд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолойг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргана | 99736124 |
2 | 2019.05.30 | Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал | 11:00-13:00 | Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж, Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлуудад зөвлөмж чиглэл хүргүүлнэ. | 99736124 |
3 | 2019 оны 05 сарын 29-31 | Зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ | – | Хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулна | 99736124 |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах үйл ажиллагаа | |||||
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. |