“Европд сэтгүүлзүй эрсдэлд, медиа аюулд ороод байна” гэж Европ ба Германы хамгийн том хэвлэл мэдээллийн холдинг компанийн (Hubert Burda Media) ТУЗ-ийн гишүүн Филипп Велте өнгөрсөн долоо хоногт Австрийн нийслэл Вена хотын захиргааны, түүхэн ордонд болсон “Европын Хэвлэлийн их хурал” (European Publishing Congress) дээр хэлсэн юм. Хэрэв жилд 2 тэрбум долларын орлоготой, 10 мянган хүн ажилладаг бизнес, түүний дотор тус бүр нь хагас сая захиалагч бүхий алдартай сэтгүүлүүд (Focus, Bunte, Chip, Playboy) гаргадаг супер том хэвлэлийн компанийн удирдлага ноён Ф.Велте ингэж хэлж байгаа бол энэ аюул, эрсдэл бодитой юм аа.
“Европын сонинуудын их хурал” гэсэн нэрээр Венад 19 удаа болж байсан бол энэ жилээс сониноос гадна сэтгүүл, цахим хуудас гаргадаг компаниудыг хамруулан нэрээ ийнхүү өөрчилжээ. Энэ удаагийн их хуралд 35 орны 500 гаруй хэвлэлийн удирдлага, редактор, сэтгүүлч, төрийн ажилтан оролцов. Өнөөдөр, 2020 оны босгон дээр Европын ч, бусад тивийн ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг дээрх гурван орон зайгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Угаасаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тоон (digital), түүний дотор нийгмийн сүлжээгүйгээр (Facebook, Twitter etc) хорвоогийн амьдрал хэвийн өрнөх боломж нэгэнт үгүй болчихсон.
Сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаа хэлэлцэн, санал бодол, туршлагаа хуваалцсан энэ их хуралд монголоос төлөөлөгчөөр оролцсоны хувьд, гарсан гол хэдэн санааг уншигчиддаа хүргэхийг энд зорилоо.
Ардчилалд тулгарсан аюул
Дэлхий даяар уламжлалт хэвлэлд аюул нүүрлэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж улам бүр хумигдаж байна. Тэдний орлого эрс багасч, сэтгүүлч, сурвалжлагч, фото зурагчин, дүрс бичигч, редакторуудаа цалинжуулах хөрөнгө мөнгө нь багассаар байна. Иргэд болон тэдний сонгосон улс төрийн албан хаагчдын хооронд үүсдэг олон түмэн цэгийг холбогч сэтгүүлзүй, сэтгүүлчид эрсдэлд ороод байна.
Нэг талаас хэт барууны намууд, популист улс төрчид сэтгүүлчийн ажлыг хамгийн эрсдэлтэй мэргэжил болгож хувиргав. Үнэнийг хэлэх үнэ амь насанд хүрэх боллоо. Турк улсад өнөөдөр 130 мянган төрийн ажилтанг ажлаас нь халж, 160 сэтгүүлчийг шоронд хорьж, 190 хэвлэлийн газрыг хаагаад байна. Дэлхий даяар 2018 онд 182 сэтгүүлч, энэ оны эхний дөрвөн сард 12 сэтгүүлч алуулсан байна. Одоо 328 сэтгүүлч шоронд хоригдож байна.
Нөгөө талаас нийгмийн сүлжээ хуурамч мэдээгээр бялхаж, иргэд үнэн худлыг ялгахаа больчихсон. Хүнийг гүжирдэх, нэр төрд нь халдах, улс төрийн хуурамч, хэт давруулсан сурталчилгааг мэргэжлийн түвшинд явуулж эхэлжээ. Хуурамч мэдээ дэлхий даяар хэвийн үзэгдэл болоод байна. Энэ үйл явдал тэлэхийн хэрээр нийгмийн сүлжээний том компаниуд, юуны өмнө АНУ-ын Facebook, Google зэрэг компаниудын зар сурталчилгааны орлого улам өсч, уламжлалт хэвлэлийн орлого буурсаар. 2018 онд Германы 2000 сэтгүүлийн зар сурталчилгааны орлого нийлээд 980 сая евро байсан бол ганц Facebook-ийнх 1.28 тэрбум, Google түүнээс ч их болжээ.
Үг хэлэх эрх чөлөөг үндсэн хуулиндаа оруулсан анхны орон болох АНУ-д л гэхэд Ерөнхийлөгч нь сэтгүүлчдээ “хуурамч хүмүүс” гэх болжээ. Үнэнийг хэлэх боломж багасахын хэрээр ардчилал аюулд орж байна. Хариуцлагаа хүлээдэг сэтгүүл зүй алга болохын хэрээр хэнийг нь мэдэх боломжгүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй “эх сурвалж” улам олширч, хуурамч мэдээ улам өргөн түгсээр. Нийгмийн сүлжээ уламжлалт хэвлэлийг шахан зайлуулсаар байна. Германд хамгийн сүүлчийн цаасан сонин 2033 онд гараад л дуусна гэнэ.
Биднийг өсгөж, хүмүүжүүлсэн үгээ хэлэх, төрийн төлөөллөө чөлөөтэй сонгох, тэднийг хянахад оролцох ардчиллын суурь үнэт зүйлүүд алга болж буй учир бид эрх чөлөөгөө эргүүлэн авахын төлөө тэмцэх ёстой гэж Европын хэвлэлийнхэн ярьж байна.
Иргэдийн хувьд хуурамч болон үнэн мэдээ, мэдээллийг ялгах боловсрол олгох, мэргэжлийн сэтгүүлчид агуулга, хариуцлагаараа нийгмийн сүлжээнд ялгарах шаардлага гарч байна.
Уламжлалт хэвлэлийн цахим шилжилт
Орчин цагт бий болсон шинэ нөхцөл байдалд чадварлагаар зохицож, хамгийн хуучны сонин ч гэлээ өөрийгөө шинээр бүтээсэн Голландын санхүүгийн сонины (fd) жишээ сонирхолтой байлаа. Хамгийн анхны хувьцаат компани бий болсон энэ улсад 1796 онд гарч эхэлсэн энэ сонин 215 жилийн дараа 2011 оноос цаасан нүүрээ “Берлин хэмжээ” буюу зургаан баганатай болгож, сонины эхээ цахимаар бэлдэж, цахим болон цаасан хэлбэрээр түгээх болсноор 2006 онд 52 мянга байсан захиалагчдын тоогоо өнөөдөр 92 мянгад хүргэсэн байна. Цахим болон бодит буюу уншиж болох бүх орон зайд түгээж буй энэ сонины сэтгүүлчид нь өөрсдөө шууд цахимаар агуулгаа оруулдаг болсон гэж сонины ерөнхий дизайнер Ханс Споелмэн танилцуулав.
Уламжлалт цааснаас цахим хэлбэрт амжилттай шилжиж, хоёр орон зайг оновчтой хослуулж, улам их орлого олж буй сэтгүүлийн хувьд английн The Economist юм. Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Марина Гайдн уншигчид маань улам бүр хэрэглэгч болон хувирч, тэднийг тогтоож чадах цахим шилжилт хийсэн аргаа хуваалцав. Манай сэтгүүл уншдаг биш, үздэг хэлбэртэй болсон (viewspaper, not newspaper) гэлээ. Би өөрөө энэ сэтгүүлийг Монголдоо цаасаар авдаг, гар утсаараа уншдаг, үздэг, сонсдог тул тэд цаашдаа юу хийх гэж байгаа нь сонин байлаа.
Уламжлалт хэвлэлүүд цахим ертөнцөд амжилттай шилжихэд тэдний хариуцлагатай, туршлагатай сэтгүүлчдийн бүтээсэн агуулгын оюуны өмчийг сайтар хамгаалах тухай Австрийн санаачилсан хуулийг Европын Холбоо саяхан батлаж мөрдөх болсон нь ихээхэн тус нэмэр болжээ. Энэ хуулийг санаачилсан тухайгаа их хурлыг албан ёсоор нээсэн, 33 настай Австрийн канцлер Себастян Курц онцлон ярьж байлаа. Тэр бас хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчид үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө хамтын хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй гэж хэлэв.
Мөн Канцлер нь эх орондоо хуралдахаас гадна аялан жуулчлахыг бүх оролцогчдод уриалж байлаа. Вена хотын захиргаа энэ их хурлыг эхнээс нь хамтран хотынхоо гол бэлэг тэмдгийн нэг, 1872 онд баригдсан нео-готик хэлбэрийн өндөр оройтой, үзэсгэлэнт ордондоо (Vienna City Hall) жил бүр зохион байгуулж ирсэн ажээ.
Үнэнийг хэлэх улам бүр үнэтэй болж байна.
Эх сурвалж: Нийтлэлч Д.Жаргалсайхан
2019.05.22