Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хар-Усан тохойн” 18 тоотын 77 настай Иргэн С /эмэгтэй/ энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн 08:21 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид 45 км замыг туулан 14:30 цагт очиж эрлийг эхлүүлжээ. Аврагчид “Ерөө” голоор завиар 3 км явж хайж, мөн өдрийн 17:52 цагт гэрээс нь 1 км-т “Ерөө голын бага заатан” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат 10 настай хүү Т өчигдөр 12:00 цагийн орчим осолдсон гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 00:05 цагт ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Туул” голоор 3 км усанд хайж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийжээ. Эрлийн явцад үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод, өнөөдөр 05:30 цагт дахин эхлүүлээд байгаа юм байна.