Сүүлийн гурван хоногт нийслэлийн цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр (2019.05.27) мэдээлэл хийлээ. Мэдээллээр одоогийн гараад буй үнэрийг өдөр тутам гарч буй 1200 метр куб түүхий лагтай холбон тайлбарлав.
Улаанбаатар хотын хэмжээнд тархаж буй бохирын үнэр нь цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг тус яамнаас өгч байна.
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбоотойгоор хуучин лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа аж. Лагийг халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн онд 183 мянга тонн гаруй түүхий лагийг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор 700 гаруй мянган куб лаг халдваргүйжүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Халдваргүйжүүлэх ажил хоёр үе шаттай явах аж. Нэгдүгээрт, энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэх бол хоёрдугаар шат нь долоодугаар сарын 15-наас эхлэх юм. Ингэснээр аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламж дахь лагийг бүрэн халдваргүйжүүлж дуусгахаар болжээ.
БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат “Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлын хүрээнд хуримтлагдсан картны лагийг машин механизм ашиглан задалж эхэлсэн. Дээрээс нь салхины чиг, хурд нөлөөлж байгаа учраас үнэр гарч Улаанбаатар хотын төв рүү орж байна. Аль болох бид үнэр гарахгүй байхаар арга хэмжээ авч ажиллана. Мөн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын бэлтгэл ажлын хүрээнд одоо ажиллаж байгаа хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, түүнд олон жил хадгалагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлыг хийх үүргийг Засгийн газрын 73 дугаар тогтоолоор гаргасан.
1 comment
дараа жил бас л давтагдана зүгээр л шатааж үнсээр нь бордоо хий. эсвэл үнэтэй МЕТАН ИСГЭХ БАЙГУУЛАМЖАА БАрь