Баян-Өлгий аймагт Монгол хэлний боловсрол олгох явдал бүх шатандаа муу байгаа тухай өгүүлдэг. Энэ нь тус аймгийн ЕБС-иудын хичээл Казак хэл дээр явагддагтай шууд холбоотой аж. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 43 сургуульд 20 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Аймгийн хэмжээнд 43 сургуулийн хоёр нь л монгол хэлээр сургалтаа явуулдаг.
Бусад сургууль нь казак хэлний сургалтаас хос хэлний сургалтад шилжиж, хос хэлээр суралцаж буй юм байна. Энэ нь хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөхөд хүрч байгаа аж. Энэ талаар бид ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Баян-Өлгийн аймгийн хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Танай илтгэлд энэ асуудал тусгагдсан байсан.
-ХЭҮК 2008 онд хэлний цөөнх хүүхдийн боловсролын асуудлыг судалж гаргаж ирсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 2-3 удаагийн судалгаа, шалгалтууд хийгдсэн. НҮБ-д Монгол Улс хоёр үндэсний цөөнхийн төлөөлөлтэй гэж явдаг. Энэ нь Казак, Тува хоёр юм. Өмнө нь 2003 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийг бүрдүүлж цаа маллан тайгад амьдардаг Тува иргэдийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай анх гаргаж ирж, төрийн бодлогын анхааралд оруулж, шийдвэрлэж байсан.
Сая 2018 онд хэлний цөөнх хүүхдүүдийн боловсролын асуудлаар хоёр ч удаа Баян-Өлгий аймагт ажиллаж, багш сурагчидтай уулзсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн 43 сургуулийн хоёрхон сургууль Монгол сургууль гэж явдаг нь анхаарал татсан. Нэг нь аймгийн төв дээр нөгөө нь Цэнгэл суманд байдаг. Бусад нь казак хэл дээр сургалтаа явуулдаг. Үүнийг тус аймгийн ЕБС-ийн долдугаар ангийн хүүхдээс Монгол хэлээр асуулт асуухад ойлгохгүй, нэг ч Монгол үг мэдэхгүй байсан нь баталсан.
Гэтэл аймаг орон нутгийн удирдлагууд нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2014 оны 51 дүгээр тогтоолоор “Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг төлөвлөсөн учраас хосолсон хэлээр сургалт явагдаж байгаа гэх хариултыг өгсөн. Хос хэлээр сургалт явуулна гэдэг нь хичээлийг орчуулгатай буюу хос хэлээр заадаг гэсэн үг. Энэ нь тэр ангид сурч байгаа бүх хүүхдүүд 40 минутын хичээлийг 20 минут үзэх шаардлагатай болж гэсэн үг. Энэ мэтээр хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна.
Манай ангид математик ордог казах багш бид нартай монголоор их тааруухан ярьдаг, харин казах суралцагчидтай казахаараа ярьдаг. Казах суралцагчид ойлгоогүй зүйлээ лавлавал казахаараа тайлбарлаж өгдөг ч, монгол суралцагчид лавлавал асуултад хариулдаггүй гэж Баян-Өлгий аймгийн нэгэн сургуулийн сурагч өгүүлжээ. Монгол Улс Энэ нь эргээд ЭЕШ-д нөлөөлнө. Учир нь бүх хичээлийн шалгалт Монгол хэлээр авагддаг. Тиймээс хэдийгээр бид үндэстний цөөнхийн эх хэлээрээ ярих асуудлыг хориглоогүй боловч төрийн албан ёсны хэл бол Монгол хэл. Тиймээс Монгол хэл цаасан дээр биш амьдрал дээр, тэр дундаа хүүхдийн боловсрол дунд зайлшгүй байх ёстой.
-Цэцэрлэгүүд нь бас казак хэлээр сургалт, хүмүүжлийн ажлаа явуулдаг уу?
-Бид шалгалт хийж байхдаа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй цэцэрлэгээр орсон. Хүний урманд нэг ч анги Монгол хэл дээр сургалт явуулдаггүй, бүх үйл явц казаз хэлээр явагддаг юм байна лээ.
-Энэ асуудлыг шийдэх тал дээр ХЭҮК ямар байдлаар ажиллаж байгаа вэ?
-ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжүүдийг БСШУЯ-нд албан ёсоор хүргүүлсэн. Мөн үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хий гэдэг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд БСШУЯ-нд өгсөн. Тиймээс энэ асуудлыг БСШУЯ анхааралдаа авч, яаралтай шийдэх ёстой. Нэн тэргүүнд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох монгол цэцэрлэггүй байгаад дүгнэлт хийж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэлний цөөнх хүүхдүүдэд эх хэлээрээ суралцах боломжийг бүрдүүлж өгөх.
Мөн сургууль бүрт угсаатны байдлаар судалгаа хийж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн явцыг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн гомдлыг алагчлалгүйгээр, шударгаар шийдвэрлэх, ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж буй аливаа үйлдлийг таслан зогсоох, ёс зүйн алдаа гаргасан, хүүхдийн эрх зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцдог байх шаардлагатай байна.
-Хөвсгөлийн цаатан иргэдийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай анх гаргаж ирж, шийдвэрлэж байсан гэсэн. Анх ямар байсан нь өнөөдөр ямар болж өөрчлөгдсөн бэ?
-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тайгад уйгар угсааны тува хүмүүс цаа маллан амьдардаг. Гэтэл дунд сургуульд тува хэлийг үздэггүй байсан. Тиймээс бид эх хэлийг нь дунд сургуулийн сурагчдад оруулдаг болгохоор хүсэлт уламжилж БСШУ-ы сайдын 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр”-ийг батлуулж аймаг орон нутагт нь өгсөн. Өмнө нь 2003 онд бид нарыг судалгаа хийж байхад Тува иргэдийн хүүхдүүд найм юм уу 10 дугаар ангиа төгсөөд л шууд сургуулиа орхичихдог байсан. Одоо бол өөр болсон.
Өнөөдөр тайгын иргэд хүүхэд боловсролтой байх ёстой юм байна гэдгийг мэддэг ойлгодог болсон. 2007 онд Засгийн газраас батлагдсан “Цааны аж ахуй болон цаатаны ахуй амьдралыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Тайгын иргэдийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй дээд боловсрол олгодог болсон. Тэр ч утгаараа өнөөдөр дээд боловсролтой эмч нар, багшлах боловсон хүчин бэлтгэгдэн гарч, сум орон нутагтаа очин ажиллаж, цаатан ахан дүүсээ соён гэгээрүүлж байгаа. Дээрээс нь тайгад амьдардаг бүртгэлтэй хүмүүс нь Ерөнхийлөгчийн зарлигын дагуу сар болгон тэтгэмж авч байгаа, гурван жилд нэг удаа хилийн гадна байгаа ах дүү хамаатан садантайгаа очиж уулзаж байгаа.
Эх сурвалж: Zaluu.com