УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн (2019.05.27) ээлжит хуралдаанаар үндсэн хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэж байна гээд, тодорхой шалтгаануудыг дурджээ. Тухайлбал, судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн аж. УИХ-ын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны наймдугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан гэлээ.
Мөн өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа үнийн өсөлтийн асуудлыг хөндөхийн сацуу гэмт хэрэг, авлига, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг болон ЖДҮХС, концесс, төрийн албаны наймаа зэрэг асуудлыг мэдэгдэлдээ дурджээ.
Ингээд мэдэгдлийнхээ төгсгөлд “УИХ дахь АН-ын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна” гэжээ.
Хоёрдугаарт, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан асуудлаар УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-амгаланд хүсэлт хүргүүлж буй юм байна. Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай̆ олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзжээ.
Энэ долоо хоногт Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул дээрх асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаагаа мэдээллийн үеэр тодотгож байлаа.