Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар тус сумын харьяат 21 настай иргэн Б /эрэгтэй/ 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраас тухайн сарын 21-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоогоод байсныг ар гэрийн хүсэлт ирүүлсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр энэ сарын 25-ны өдөр дахин эхлүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 5 хүн “Их гол”, “Жирээ голын-Адаг”, “Хараагийн-Арал”, “Байшинтын гатлага” гэдэг газарт 12 удаагийн шумбалтыг хийж, “Жирээ голын дээд гаталга” гэдэг газраас “Нуурын хөвөө” гэдэг газар хүртэл 12 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн л үр дүнд хүрээгүй байна. Тиймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгын шийдвэрээр өчигдөр (2019.05.26) 19:00 цагт эрлийг зогсоосон байна.