“Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна. Тодруулбал тавдугаар сарын 23 орой 23:10 цагийн орчимд оператор Б 6 метр гүн тогтсон ус руу машинтайгаа унасан аж.
Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Улмаар Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоожээ.
“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна.
Одоогоор онцгойгийн алба хаагчид насосоор ус шавхаж байгаа ч үр дүн удаан байгаа тул далан сэтлэх арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна. Даланг сэтлэхийн тулд уурхайн ойр орчмын айлуудад сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэх зэрэг ажлыг өрнүүлж байгаа аж.