Сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдрийг дэлхий даяар жил бүр тавдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Ор сураггүй алга болсон хүүхдийн асуудалд тусгай өдөр зориулах санаачилга анх АНУ-д гарчээ. 1979 оны тавдугаар сарын 25-ны өдөр зургаан настай Эвиан Пейтс гэгч хүү сургуулиасаа гэртээ харих замдаа сураггүй алга болоод өнөөг хүртэл олдоогүй юм.
Хүү алга болсноос хойш дөрвөн жилийн дараа буюу 1983 онд АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган тавдугаар сарын 25-ны өдрийг Сураггүй алга болсон хүүхдүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. 1984 онд АНУ-д Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх үндэсний төвийг үүсгэн байгуулжээ. АНУ-ын энэхүү санаачилга Европт дэмжлэг авч, 1998 онд Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийг байгуулжээ.
1998 онд Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийн санаачилгаар Сураггүй алга болсон хүүхдүүдийн эрэн хайх төвүүдийн дэлхийн сүлжээ гэх олон хэл дээрх мэдээллийн сан бий болжээ. Энд дэлхий даяар сураггүй алга болсон хүүхдүүдийн мэдээлэл болон гэрэл зургийг байршуулдаг бөгөөд өнөөдөр тус сүлжээнд 29 улс орон нэгдэн ороод байна.
Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийн хүчин чармайлтын үр дүнд Сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдрийг 2001 онд анх удаа дэлхий даяар тэмдэглэсэн байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь хүүхдүүдийг хулгайлах, амьдралын хүнд нөхцөл байдал, мөлжлөгөөс хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.
Сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдрийн бэлгэ тэмдэг нь хөх хонин зангуу /англиар forget-me-not буюу намайг бүү март/ нэртэй цэцэг байдаг. Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийн мэдээллээр, жил бүр Австралид 25 мянган хүүхэд ор сураггүй алга болдог бол Бразилд 40 мянга, Канад 42 мянга гаруй, Энэтхэг 96 мянга, Европт хэдэн зуун мянга, Испанид 33 мянга, Их Британид 80 мянга, АНУ-д 420 мянган балчир үр ор сураггүй алга болдог байна.