Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.05.23/ хэлэлцжээ.
Шүүх хуралдаанаар прокурорын газраас нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.