УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж, яллагдагчаар татсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр (2019.05.23) уг асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Д.Эрдэнэбат хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт гэрчийн мэдүүлэг өгч, энэ сарын 21-ний үдээс хойш АТГ-т очиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэргийн асуудлаар яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоолтой танилцсан гэдгээ хэллээ.
Мөн хуулийн дагуу хоорондоо асуудлаа ярилцаад явж байхад асуудлыг улстөржүүлж, өөрийнх нь тухай мэдээлэл эх сурвалжгүйгээр олон нийтэд цацагдсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээллийг ямар зорилгоор явуулсныг нь гайхаж байна. Өчигдрийн үйл явцыг ажиглавал, Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны асуудлаар, мөн миний нэртэй холбоотой асуудлаар, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүхнийг уялдуулан харвал улстөржсөн шинж агуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Тиймээс өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэх гэсэн юм. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би харж байгаа. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтандаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би хүргүүлж байна.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахтай холбоотой асуудлаар нийгэмд олон зөрүүтэй ойлголт байна. Надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар намайг АТГ-т шалган мөрдөн байцаалт явуулж байна. Хэргийн учир нь олдох байх. Нэг зүйлийг онцолж хэлье. Энэ бол улс төрийн шинж чанартай болж эхэлж байгаа нь ойлгомжтой боллоо. Уг нь би шударга бусын хонгил нураад, шударга хонгил тогтож шинэ удирдлагууд томилогдож асуудалд өөрөөр хандах болов уу гэсэн найдлагатай байсан.
Гэтэл яг хуучин арга явж байна. Яагаад гэвэл урьдчилан сенсаац дэгдээдэг, нотлогдоогүй мэдээлэл эх сурвалжгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаг, түүнтэй холбогдуулан улс төржсөн үйл ажиллагаа үе шаттайгаар шууд явуулж байгаа нь маш буруу. Энэ асуудал шинэчлэгдээгүй юм байна. Нөгөө талаасаа энэ бол тэр чигтээ Ардчилсан намыг харлуулах гэсэн үйл ажиллагаа.
Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй байтал Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж байгаа нь буруу. Эрдэнэтийн 49 хувь Монголд ирснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын компани болсон. Одоо зовлон дотоодоо үргэлжилж, хэдэн биенээ хэмлэх улс төрийн талцал болж байгаад би харамсаж байна.
Энэ дуулиан дэлгэгдсэнээр өнөөдөр үнийн хөөргөдөл, архидалт, гэмт хэргийн өсөлт, өвчлөлийн дэгдэлтийг дарах гэсэн арга гэж харж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн. Энэ хүний асуудлыг яаж шийдэх эрх нь энэ төрд бий. Надад өөрийгөө өмгөөлж, шалтаг хэлэх айдас алга.
Аж үйлдвэрийн сайд байсны хувьд энэ асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Засгийн газрын шийдвэр, хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан гэдгээ тухайн үедээ би хэлж байсан. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ байгаа. Энэ асуудлаар намайг байцааж байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад гэвэл хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал” гэсэн юм.