Орчин үеийн жишиг номын санг бүтээн байгуулж түүгээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад мэдлэг олгох, тав тухтай орчинд сурч боловсрох боломжийг олгох үүднээс Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, номын фондыг баяжуулах үйлсэд 100 гаруй номын дээжийг хандивласнаас гадна цаашид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Иргэний номын сан нь олон улсад хурдтай хөгжиж байгаа орчин үеийн номын сангийн жишиг загвар юм. Мөн байршлын хэт төвлөрлийг бууруулж, иргэдэд ойртон, иргэдийн оролцоотойгоор хөтөлбөрүүдээ боловсруулан хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.
Иргэний номын сангийн загварыг Монголд нутагшуулах, олон улсын жишгээр хөгжүүлэх ажлыг “Хүүхдийн Оюуны Боловсролыг дэмжих Төв” ТББ, “Beyond books” төслийн баг хамтран хэрэгжүүлж байна.
Иргэний номын сан нь олон улсад эрчимтэй хөгжиж буй, хэрэглэгч төвтэй номын сангийн сүүлийн үеийн загвар юм. Амжиргааны төвшин, амьдрах орчин нөхцөл болон бусад бэрхшээлээс үүдэн номын сан, нийгмийн нийтлэг үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа иргэдэд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг, хүмүүс хоорондын эерэг харилцаа, хамтын хөгжлийг чухалчилдаг онцлогтой. Мөн байршлын хувьд төвлөрлийг сааруулж, хэрэглэгчдэд ойртон, иргэдийн бодит хэрэгцээг нарийн судалж, тэдний санаачилга оролцоон дээр тулгуурлан үйлчилгээ хөтөлбөрүүдээ боловсруулж, хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.
Тус номын сан ашиглалтанд орсноор Чингэлтэй дүүргийн 17, 18 хорооны 5434 хүүхэд ая таатай орчинд чөлөөт цагаа өнгөрөөн, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэл буурч, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Номын сан хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүд боловсруулж, иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртэх боломжийг хангахад хувь нэмэр оруулах, аж амьдралаа дээшлүүлэхэд тус дэм болох, өөр хоорондоо туршлага солилцох, хамтдаа хөгжих орон зай болох юм.
Номын сангийн хөтөлбөрүүдээс танилцуулахад:
1. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор үнэ төлбөргүй давтлага өгөх
2. Хүүхдийг номын хорхойтон болгох үүднээс “Бүтээлч ном унших” хөтөлбөрийг эцэг эх, багш, сурган хүмүүжлэгч, сайн дурын ажилчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх
3. Төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжил сонгоход нь дэм болох мэдээлэл, сургалтын хөтөлбөр
4. Англи хэлний анхан болон дунд шатны сургалт
5. Компьютерийн анхан шатны хэрэглээний сургалт
6. Иргэдийн дундах шилдэг туршлага, асуудал шийдлүүдийг хуваалцах хөтөлбөр гэх мэт баялаг үйлчилгээ, хөтөлбөрүүдтэй.
“Beyond books” төслийг Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газар, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид санаачлан хэрэгжүүлж, энэхүү жишиг загварт тулгуурлан Улаанбаатар хотын дүүрэг хороод, цаашилбал орон нутагт иргэний номын сангийн туршлагыг түгээхийг зорьж байна.