УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо. Мөн чуулганы хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, зарим гишүүдийг чөлөөллөө.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх агуулга бүхий тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 34 нь буюу 65.4 хувь нь дэмжив. Иймд “Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.
Чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудлууд:
•Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
•Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг;
•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг;
•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг;
•Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг;
•Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ;
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг;
•Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх;
•Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх;
•Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх;
•Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг;
•“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг.