Хаа газрын хот зугаатай газар боловч түүнийг удирдах, хөгжүүлэх, төлөвлөх гэдэг зугаатай байтугай ажил л даа. Улсын нийт хүн амын 50 гаруй хувь чихцэлдэн суурьшсан, бүх аж ахуйн нэгжийн 65 хувь зэрэгцэн оршдог манай нийслэлийн ажил амьдрал, явдал суудлын шийдлийг олох нь тэр чигээрээ тоо бодлого. Тэгэхээр хотын даргын ажил маш уйтгартай математикаас бүрддэг. Хот хөгжүүлэх бодлого зөвхөн инженерүүдэд ойлгомжтой байх нь хангалтгүй тул иргэдэд ойлгомжтой болгохын тулд С.Амарсайхан мээр Х.О.Т гэсэн томъёо гаргажээ. Энэ нь Х буюу хүн төвтэй хот, О буюу орчин төвтэй шийдэл, Т буюу төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн товчлол юм байна.
Энд зөвхөн Хүн төвтэй хотын бодлогоос онцолж, Улаанбаатарт ямар шинэ ажил хийгдэж эхэлснийг сонирхлоо. Cүхбаатарын талбайн урдах 2.5 га газарт авто зогсоол ажиллуулж байсныг хувийн компанийн эзэмшлээс чөлөөлснөөр энэ газрын ирээдүй олон нийтийн анхаарлын төвд байна. Тэнд “Ард иргэдийн амарч зугаалах орчин бүрдүүлэн тохижуулахаар зураг төслийн байгууллагуудын дунд уралдаан зарласан” байна. Тохижилтын санаа зөвхөн Сүхбаатарын талбайн урд хэсэгт биш Драмын театрын хойд, Тагнуулын ерөнхий газрын өмнөх, “Улаанбаатар” зочид буудлын гэх мэт нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүлээгдэж байгаа аж. Хот бол олон хүн, байгууллага бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэн зэрэгцэн амьдрахуй. Эдгээр талбайг тохижуулахын тулд хувийн компанийн эзэмшлээс цуцалж орон нутгийн тусгай хэрэгцээнд авах олны эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргах болсон байна.
Илүү анхаарал халамж шаардлагатай иргэдийн цөөнхөд хэрхэн үйлчлэхээ хэр нягт төлөвлөснөөрөө хотын соёл мөн хэмжигддэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын тухай яриа хотын мөрөөдөл байв. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу одоогийн Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барихаар газар олгосон нь нэгдүгээрт, байршлын хувьд хол, хоёрдугаарт, банкны маргаан дагуулж бүтэлгүйтээд байсныг хоттой ойр газарт шийдэхээр тохиролцжээ.
“Хотын хүүхдүүд тоглох талбайгүйгээс тарган, гар утастайгаа л найзалдаг учраас аймхай, зожиг”. Магадгүй ээ. Гэхдээ одоо нийслэлийн есөн дүүрэг тус бүрт хөлбөмбөгийн талбай байгуулаад эхэлсэн нь хамгийн гоё мэдээ байлаа. Улаанбаатарын шинэ үеийн хүүхэд залуус эрүүл чийрэг, зоригтой золбоотой, бас найз нөхөдтэй өсөж хүмүүжихэд хөлбөмбөгийн спорт нөлөөлнө гэдэгт эцэг эхчүүд ч бас С.Амарсайханы адил итгэдэг. Түүнчлэн ХХЕГ-ын баруун талын 1.8 га, РЦНК-гийн 2.4 га гэх мэт хотын төвийн таван байршилд цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах шийдвэрийг хотын дарга гаргаад байна. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Туул гол дагуу дугуйн зам, амрах сүүдрэвч, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулбал ямар вэ? Тэгвэл удахгүй ийм болно. Тохижилтыг энэ зун дуусгахаар ажиллаж эхэлжээ.
Мээр С.Амарсайхан Улаанбаатар хотын музейнүүдийг амралтын өдөр ажиллуулж, ажлын өдөр амраадаг болгох боломжийг эрэлхийлж сууна. Ингэснээр нийслэлчүүд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзэх боломжийг нээнэ гэж тэр үзэж байна. Хотын дарга энэ саналаа БСШУС-ын яаманд тавиад хариу хүлээж байгаа аж.
Улаанбаатар хотын 152 хороонд Соёлын элч ажиллах болсныг Та сонссон уу? Боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай, олон нийтэд танигдсан 152 элчийн нэг нь танай хороонд ч бас аж төрж байгаа. Хотын соёлын элч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан болох юм байна.
Эх сурвалж: ub.life