Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Ширнэнгийн тохой” гэдэг газар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Орхон” голд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 54 настай иргэн О /эрэгтэй/ осолдсон. Тэгвэл өчигдөр 16:36 цагт цагдаагийн байгууллагад иргэн М Хонгорморьт баг, УБТЗ-ын “19 дүгээр зөрлөг”, “Орхон” голд цогцос байна гэсэн мэдээллийг өгчээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн болон Цагдаагийн газрын нийт 12 алба хаагч очиж, тухайн цогцсыг гаргасан аж. Улмаар цогцост үзлэг хийхэд иргэн О-ийн цогцос болох нь тогтоогдож, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн өчигдөр 17:50 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Баюуны тохой” гэдэг газар тус аймгийн Хүдэр сумын харьяат 27 настай иргэн Б /эрэгтэй/ “Орхон” голд осолджээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр 18:06 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:43 цагт Б-ийн цогцсыг осолдсон газраас 3 метрт олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.