Гутал үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын тоонд орох “Nike”, “Adidas” тэргүүтэй Америкийн 173 компани Ерөнхийлөгч Дональд Трампад хандан ил захидал бичиж, Америкийн Гутал үйлдвэрлэгч, борлуулагчдын холбооны цахим хуудсан дээр байршуулжээ.
Үйлдвэрлэгчид захидалдаа Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах Америкийн Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээд “Энэ бүхэн Америкийн эгэл жирийн үйлдвэрлэгч, худалдан авагчдыг л илүүтэй хохироож байна. Худалдааны дайныг эцэслэх цаг нь болсон” хэмээн тэмдэглэсэн байна.
Хятад, Америк хоёрын дунд үүсээд буй худалдааны зөрчил Ерөнхийлөгч Д.Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хүртэлх хувийн өндөр тариф ногдуулах шийдвэрээс болж улам хурцдаад буй юм.
Өнгөрсөн долоо хоногт Америкийн Худалдааны яам тарифын хувь хэмжээг нь нэмсэн нийт 300 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасны дотор импортын тариф нь өссөн бүх төрлийн гутал, бэлтгэлийн гуталнаас шаахай хүртэл багтсан нь дээрх компаниудыг дээрх ил захидлыг бичихэд хүргэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар энэхүү асуудлаар ирэх сард санал солилцох юм. Гутал үйлдвэрлэгчдийн тооцоогоор тарифын өсөлтөөс болж Америкийн жирийн худалдан авагчид нэг жилд одоо төлдөгөөсөө долоон тэрбум ам.доллар илүү төлөх аж.
“Nike” компани гэхэд бүх бараа бүтээгдэхүүнийхээ 26, нийт гутлынхаа мөн 26 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бол “Skechers” компани хэдийгээр бүх бүтээгдэхүүнээ Америк руу импортолдоггүй ч бараг 65 хувийг нь Хятадын нутагт үйлдвэрлэдэг байна. Тиймээс ч хил дамнасан худалдааны зөрчил дээрх үйлдвэрлэгчдэд ихээхэн хохиролтой тусаж буй юм.
Эх сурвалж: ime.com