Монгол Улсад эрх зүйн хэм хэмжээний хувьд томоохон өөрчлөлт орсон ойн өдөр өнөөдөр тохиож байна. 94 жилийн өмнөх энэ өдөр Монголын анхны “Замын хөдөлгөөний дүрэм” батлагдсан бөгөөд бид үүгээрээ харьцангуй эрт Замын хөдөлгөөний дүрэмтэй болсон улсын тоонд багтдаг.
Түүх сөхвөөс, хорьдугаар зууны эхэн үеэс буюу барагцаалбал 1910-аад оноос Монгол оронд автомашин анх үзэгдэж эхэлсэн бөгөөд гол төлөв Орос, Хятадын худалдаа наймааны пүүс, компаний цөөн тооны автомашин манай улсын нутгаар дамжин Хиагт – Их хүрээ – Чуулалт хаалга гэсэн чиглэлийн дагуу тээвэр хийж байжээ. Энэхүү гадаадын худалдаачдын байнгын бус тээвэр нь Монголын эдийн засаг, тээвэр, зам харилцааны хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахааргүй, зөвхөн шинэ үзэгдэл төдий байв. Тээврийн байнгын хөдөлгөөний дагуу тогтсон чиглэл бүхий дардан замууд ч байсангүй. Гэхдээ тун удалгүй европ болон америкийн автомашинууд Хятадаар дамжин цувах болсон бөгөөд 1918 оноос Өргөө – Хаалганы замаар автотээврийн байнгын харилцаа тогтож эхэлжээ. Энэ үеэс Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хүмүүс гэлтгүй монголчууд ч автомашинаар зорчих нь ихэссэн бөгөөд манай орны автотээврийн хөгжлийн үндэс суурь тавигдаж эхэлжээ. Гэвч …
Автотээврийн харилцаа өсөн нэмэгдэхийн хэрээр, тэнд хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал өндийн босч ирдэг жам ёсоор 1920-оод оноос манай оронд автомашины осол, хэрэг удаа дараа гарах болж энэ асуудал ард нийт болон төр засгийн анхаарлыг татаж эхлэв.
1923 онд Хятад пүүсийн жолооч Бронштейн гэгч согтуугаар автомашин жолоодож яваад Дамчаа гэгч цэргийг дайрч амь насыг нь бүрэлгэжээ. 1925 онд Хятад Далайн пүүсийн жолооч Ты Юань Күй гэгч автомашин жолоодож яваад хашааны гадна тоглож байсан П.Долгорсүрэн гэгч охиныг дайрч амь насыг нь хохироожээ. Мөн онд Оросын “Центрсоюз” хэмээх хоршооны автомашин, Шавь яамны жолооч Загдын унаж явсан автомашинтай мөргөлдсөн осол хэрэг, түүнчлэн Цэргийн яамны жолооч Сыциков гэгч орос этгээд, автомашинаар хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээсэн хэрэг явдал гарчээ.
Энэ мэт түүхэн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн хэргүүдээс гадна баримтжиж амжаагүй осол хэргүүд цөөнгүй гарч байсан нь дамжиггүй. Ардын засгийн газар дөнгөж байгуулагдаад удаагүй байсан тухайн үед зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээ, гудамж замын хөдөлгөөнийг журамлан зохицуулах эрх зүйн ямар ч зохицуулалт байгаагүйгээс жолооч нар болон явган хүмүүс гудамж замаар эмх замбараагүй зорчиж, улмаар осол хэрэгт өртөх явдал нэмэгдэх хандлагатай болж иржээ. Тэр бүү хэл нэгэнт гарсан осол, хэргийн буруутай эзнийг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ч эрх зүйн орчин үгүйлэгдэж эхлэв. Асуудал хүндэрч эхэлснийг мэдэрсэн тухайн үеийн төр засгийнхан холбогдох дүрэм, журмыг нэн даруй боловсруулан гаргах нь зүйтэй хэмээн үзсэнээр Монгол улсын анхны замын хөдөлгөөний дүрэм үүсэн бий болсон түүхтэй. Тухайн үед автомашины тоо өнөөгийнхтэй харьцуулшгүй цөөн байсан хэдий ч зам тээврийн осол, эндэгдэл ойр ойрхон гарч байсан нь тэдгээрийн хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн акт, техник хэрэгсэл болон хөдөлгөөний аюулгүй байдал, эмх журмыг сахиулах алба, боловсон хүчин байгаагүйтэй салшгүй холбоотойгоос гадна ард иргэд ч зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх дадал, зуршил, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар огтхон ч ойлголт, мэдээлэлгүй байсантай холбоотой.
Замын хөдөлгөөний дүрэм үүсэн бий болоход цаг үеийн болон нийгмийн аж байдлын олон угтвар нөхцөлүүд нөлөөлсний дотроос жинтэй түлхэц өгсөн нэгэн хэрэг явдлын түүхийг баримт түшиглэн сонирхуулъя.
Энэ хэрэг явдал Монгол улсын 15 дугаар он буюу 1925 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Ардын Засгийн газрын 11 дүгээр хурлын бичгийн 9 дүгээр зүйлд тэмдэглэгдэн үлджээ. Тэмдэглэлээс үзвэл: Цэргийн яамны жолооч Сыциков гэгч орос этгээд, автомашинаар хэтэрхий хурдтай явж байгаад хүү Доржготовыг нь дайрч гэмтээсэн учир хохирлоо барагдуулах хүсэлтийг түүний эцэг Цогбадрах Шүүх явдлын яаманд мэдүүлжээ. Гэвч уг хэргийг Шүүх явдлын яам шийдэж өгөхгүй удаасан учир эцэг Цогбадрах нь Засгийн газарт бичиг өргөж, таслан шийтгүүлэхийг хүсчээ. Засгийн газраас уг хэргийг нэн даруй нягтлан үзэж нэг тийш болгон шийдээд, хэрхэн шийдсэн тухайгаа хариу ирүүлэхийг Шүүх явдлын яаманд даалгажээ. Шүүх явдлын яам уг хэргийг хянан үзээд, эцэг Цогбадрахын нэхэмжилсэн 845 янчааныг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн боловч хэргийн эзэн Сыциков гар хоосон нөхөр байсан учир түүний харъяат албан газар болох Цэргийн яамнаас уг хохирлыг гаргуулан төлүүлж, Сыциковыг 6 сар гянданд хорихоор төлөвлөснөө Засгийн газрын 11 дүгээр хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тус хуралдаанаар Цэргийн яамнаас гаргуулах 845 янчааныг 500 байх нь зохистой гэж үзээд бусдыг нь Шүүх явдлын яамны төлөвлөсөн ёсоор баталсан байна.
Энэхүү хэрэг явдлаас улбаалан Шүүх явдлын яам аливаа автомашины хөдөлгөөнийг журамлах, ялангуяа хурдыг нь хязгаарлах талаар дүрэм тогтоолгох хүсэлтийг Засгийн газарт уламжилсан нь бүрэн дүүрэн дэмжлэг авч, улмаар дээрх хэрэг явдлаас сар гаруйхны дараа буюу 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлаар «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нэртэй 21-н зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарчээ.
Ардын засгийн газрын хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон тус 18 дугаар хурлын бичгийн 1 дүгээр зүйлд «Үүний урьд, Шүүх явдлын яамнаас аливаа албаны ба хувийн уурын тэргийг нэгэн цагт арван милээс илүү хурдлан явж үл болох саналыг гаргаж дүрэм тогтоолгохыг эрсэнд манай Засгийн газраас эл гаргасан санал зүйтэй болох учир дүрмийг төлөвлөн ирүүлж тогтоолгох явдлыг зохих газруудад явуулсан нь эдүгээ Шүүх явдлын яамнаас аливаа албаны ба уурын тэргийг хэрэглэх тухайн дүрэм хорин нэгэн зүйлийг төлөвлөн зохиож тус газрын шүүх таслах зөвлөлийн хуралд оруулан хянан хэлэлцүүлсэн учрыг гаргаж тогтооно уу хэмээн дүрмийн эхийг хүргүүлэн ирсэн хэргийг хэлэлцээд, харъяат яамны эл төлөвлөсөн дүрмийн доторхи Дотоод яамнаас гэснийг Аж ахуйн яам хэмээн залруулж бусдыг ёсоор болгон баталж Аж ахуйн явдлын яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов» гэжээ.
Тухайн үед манай улсад Америк болон барууны автомашинууд зонхилж байсан учир автомашины хурдыг миль/цаг-аар илэрхийлдэг байжээ. Энд өгүүлсэн 10 миль/цаг нь ойролцоогоор 16 км/цаг юм. Өөрөөр хэлбэл Шүүх явдлын яамнаас автомашины хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 16 км-ээс хэтрүүлэхгүйгээр тогтоож, холбогдох дүрмийг боловсруулан баталж мөрдүүлэх саналыг тус 18 дугаар хурал болохоос өмнө Засгийн газарт тавьж байсан ажээ. Засгийн газраас тэрхүү саналыг сайшаан дэмжиж, дүрмийн төсөл боловсруулах ажлыг холбогдох газруудад даалгасан байна. Уг даалгавар амжилттай хэрэгжиж дүрмийн төслийг 21 зүйлтэйгээр төлөвлөн зохиосныг Шүүх таслах зөвлөлийн хурлаар хянан хэлэлцсэнийхээ дараа Шүүх явдлын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлжээ. Тус хуралдаанаас бага зэргийн засвар оруулсныг үл тооцвол уг дүрмийн төсөл тэр хэвээрээ батлагдсан байна.
Дээрх хурлын тогтоолд бичигдсэн “Уурын тэрэг” гэсэн нэр томъёо танд хачирхалтай санагдсан байж магадгүй юм. Өнөөгийн бидний нэрлэж заншсан “автомашин”-ыг тухайн үед “Гал усны уурын хүчээр явдаг тэрэг” буюу товчоор “Уурын тэрэг” гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нэр томъёог тэр үеийн баримт бичгүүдэд түгээмэл хэрэглэдэг байжээ. Тухайлбал: Анхны автотээврийн асуудал хариуцсан албыг 1925 онд «Уурын тэргийг товчлон эрхлэх газар» нэртэйгээр байгуулж байсан бөгөөд 1936 онд Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд «Уурын тэрэгний хэргийг байцаах хэлтэс» нэртэйгээр Замын цагдаагийн газар анх сууриа тавьж байсан түүхтэй. Тухайн үед “Чийчаан” гэсэн хятад үгийг хар ярианд түгээмэл хэрэглэж байсныг түүхийн зохиол, киноноос бид мэдэх билээ. Харин албан хэллэгт “Уурын тэрэг” гэсэн нэр томъёог 1940-өөд он хүртэл хэрэглэж байсан байх ба үүнээс хойш “Тэрэг хөсөг”, “Оньсон тэрэг”, “Машина хөсөг”, “Автомобиль”, “Авто техник”, “Авто хөсөг” гэх мэтээр нэрлэж байгаад 1970-аад оноос “Автомашин” гэсэн нэр томъёог өргөнөөр хэрэглэх болжээ. Үүнээс гадна “Зам тээвэр”, “Зам тээврийн осол”, “Замын хөдөлгөөн”, “Тээврийн хэрэгсэл” гэх мэт өнөөгийн бидний хэрэглэж заншсан олон нэр томъёонууд эхэн үеийн баримт бичгүүдэд огт байхгүй юм. Анхны замын хөдөлгөөний дүрмийн нэрнээс харахад “Замын хөдөлгөөнийг журамлан зохицуулах” баримт бичиг гэхээс илүү “Автомашиныг хэрхэн яаж хэрэглэх тухай” зааварчилгаа гэж ойлгогдохоор байгаа биз. Энэ нь “Замын хөдөлгөөн” гэсэн нэр томъёог хэрэглэдэггүй, ийм ойлголт ч байхгүй байсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох тухай өнөөгийн бидний ойлголтыг “автомашиныг хэрэглэх” гэсэн утгаар илэрхийлдэг байжээ. Ер нь “Замын хөдөлгөөн” гэсэн нэр томъёог манай улс байтугай дэлхий нийт ч их хожуу буюу 1949 оноос албан ёсоор хэрэглэж ирсэн түүхтэй юм. 1950 онд шинэчлэгдэн батлагдсан «БНМАУ-ын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрэм»-ээс өмнөх үеийн, тодруулбал, 1925, 1930, 1936, 1940 онуудын дүрмийн нэр болон доторхи текстэнд “Замын хөдөлгөөн” гэсэн холбоо үг байтугай “Хөдөлгөөн” гэсэн нэр томъёо ч огт байхгүй юм.
Монгол Улсын анхны замын хөдөлгөөний дүрэм 1925 онд батлагдсанаас хойш 1930, 1936, 1940, 1950, 1957, 1960, 1966, 1985, 1991, 1996, 2004 онуудад тус тус шинэчлэгдэн батлагдаж, 1976, 1987, 1993, 1998, 2003 онуудад нэмэлт өөрчлөлт орж байжээ. Хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр батлагдсан шинэчилсэн найруулга одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
«1925 он – Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг
БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» буюу
Монгол Улсын анхны замын хөдөлгөөний дүрмийн тухай
Монгол улсын 15 дугаар он буюу одоогийн он тооллоор 1925 оны 5-р сарын 22-ны өдөр Ардын засгийн газрын 18 дугаар хурлаар батлагдсан «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нь манай улсын замын хөдөлгөөний анхны дүрэм бөгөөд уйгаржин монгол бичгээр бичигдсэн, 21-н зүйл бүхий эрх зүйн түүхэн дурсгалт баримт бичиг юм.
Дүрмийн 1 дүгээр зүйлд «Энэхүү дүрэм хэмжээг шийтгэн тогтоосон учир нь: Аливаа гал усны хүчээр явдаг юм ачих ба хүнийг зөөх зэргийн тэрэг нааш цааш явахад доор жагсаасан дүрмүүдийг ёсчлон дагаж хойч өдөр хүн малыг дайрах мэтээр хэрэг гаргахыг хянуулбаас зохимой» хэмээн уг дүрмийн зорилгыг тодорхойлж, энэхүү дүрэм нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад чиглэгдсэн баримт бичиг болохыг тунхаглажээ. Анхны замын хөдөлгөөний дүрэм хэдийгээр 21-хэн зүйлтэй боловч хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн гол зарчмуудыг товч тодорхой байдлаар агуулж чадсан байдаг нь гайхалтай. Тухайлбал: Жолооч болон тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, жолоочийн үнэмлэх болон түүнийг авах нөхцөл, жолоочийн үүрэг, тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлал, байрлан явах, хөдөлгөөний чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэх, хоорондын зай барих, дуут дохио хэрэглэх, зам тавьж өгөх зэрэг хөдөлгөөний үндсэн журмууд ба жолоочид хариуцлага тооцох тухай заалтуудыг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдал, уламжлал, зан заншил, улс орны хөгжлийн алхаанд нийлүүлэн гайхамшигтай уран яруу тодоор тусгасан байдаг юм.
Жолоочийн насны хязгаар, эрүүл мэндийн байдалд тавигдах шаардлагыг дүрмийн 3 дугаар зүйлд «Арван найман нас эс хүрсэн ба харалган, жич дүлий хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой», мөн 5 дугаар зүйлийн 3-т «Аливаа хөл доголон буюу нэг нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болж үл болмой» хэмээн зааснаас гадна 4 дүгээр зүйлд «Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой» хэмээн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахыг хориглосон байна.
Жолоочийн үнэмлэхний тухайд «Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой» хэмээн 5 дугаар зүйлд заагаад уг үнэмлэхийг авахын тулд Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай комиссын шалгалтад орж тэнцсэн байхаас гадна 2 хувь цээж зураг болон үнэмлэхний үнэ болох 3 янчааныг тушаасан байх ёстой гэж заажээ. Өөрөөр хэлбэл жолоочийн үнэмлэхтэй болохын тулд жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгдөг өнөөгийн зарчмыг тухайн үед мөн л баримталдаг байжээ. Тэр бүү хэл дүрмийн 6 дугаар зүйлд «Аливаа хүн уурын тэргийг явуулж сурахыг хүсвээс эрхбиш мэдэх чадах бөгөөд жолоочийн үнэмлэх бичиг бүхий хүнтэй хамт түүний заавраар сургууль үйлдвээс зохихын гадна хүн малгүй сул газарт болмой» хэмээн жолооны сургалтыг хэрхэн хийх тухай ч заасан байна. Тухайн үед дүрмийн болон жолооны багшийн мэргэжил байгаагүй нь ойлгомжтой. Тиймээс багшийн үүргийг жолоочийн үнэмлэхтэй, мэдлэг, чадвартай хүн гүйцэтгэдэг байжээ. Мөн жолоодлогын дадлагыг хүн, малгүй сул газарт хийхийг шаардсан байгаа нь өнөөгийн сургалтын автодромыг санагдуулах ажгуу. Дүрмийн 5 дугаар зүйлийн 3-т гадаад улсаас олгогдсон жолоочийн үнэмлэхтэй хүнээс шалгалт авахгүйгээр, зөвхөн эрүүл мэндийн тодорхойлолтыг нь үндэслэн жолоочийн үнэмлэх олгох тухай ч заасан байдаг юм.
Өнөөгийн бидний дагаж мөрдөж буй замын хөдөлгөөний дүрмээр жолоочид үүрэг болгодог зарим заалтууд, тухайлбал 2.3-ын “д” болон “е” заалтууд анхны дүрэмд тусгагдсан байгаа нь гайхалтай. Тодруулбал: Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлэгт яаралтай хүргэх үүргийн талаар анхны дүрмийн 19 дүгээр зүйлд «Хэрэв замын зуур аливаа хүнийг уурын тэргээр дайруулах мэтээр осолдон аюул тохиолдуулваас тэрэгний жолооч нар тэрхүү хүнийг өөрийн тэргэнд суулгаж ойр дөтөд бүхий эмч буюу эмнэлгийн газар, айлд хүргэж эмнэхүй аргалахуйд бэлтгүүлвээс зохимой» хэмээн тодорхой заажээ. Эмнэхүй, аргалахуйд бэлтгэх гэдэг нь эмчилгээний өмнөх бэлтгэлийг хангах буюу эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх гэсэн утгыг илэрхийлж байна. Мөн техникийн саатлаар замд зогссон жолоочид бусад жолооч нар бололцооныхоо хирээр тусламж үзүүлж байх үүргийн талаар анхны дүрмийн 20 дугаар зүйлд «Аливаа уурын тэрэгний жолооч нар хүнгүй хээр газраар явахдаа бие биеэ харилцан туслалцваас зохихоос гадна огт явж чадахгүй болсон зэрэг тэрэгний хүмүүсийг хэрхэвч туслахгүй зүгээр орхиж үл болмой» хэмээн тодорхой заажээ.
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг агуулсан хэд хэдэн заалт анхны дүрэмд тусгагдсан бий. Тухайлбал: Дүрмийн 2 дугаар зүйлд «Монголын хязгаар дотор ажил хийж буй тэрэг бүр Аж ахуйн явдлын яамны шийтгэн үйлдүүлсэн европын ба монголын тоогоор бөгөөд томоор бичсэн зэрэг маяг хэмжээний дугаарыг хоёр хувь авч тэрэгний өмнө хойно хоёрт ил газар өлгөж явбаас зохимой» хэмээн тээврийн хэрэгсэлд хэрэглэх улсын дугаарын тэмдгийн талаар баримтлах журмыг тогтоожээ.
Мөн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар автомашин бүр урд талдаа цагаан, ардаа улаан өнгийн хос гэрлүүдтэй байх бөгөөд тэдгээрийг наран шингэхээс эхлэн наран гартал хэрэглэхийг үүрэг болгосон нь өнөөгийн дүрмийн заалттай яв цав нийцэж байна. Мөн «Цагаан гэрлээр тэрэгний дугаарыг сайтар гэрэлтүүлж сайн нүдтэй хүний тавин алхам газраас харж танихад бэлтгүүлвээс зохимой» хэмээн улсын дугаарын гэрэлтүүлэгт тавигдах шаардлагыг ч заасан байдаг юм. Түүнчлэн дүрмийн 8 дугаар зүйлд автомашин бүр дуу гаргаж дохио өгөх бүрээтэй (дуут дохионы хэрэгсэлтэй) байх бөгөөд гэхдээ тэр нь морь малыг цочоон үргээхээр хэт чанга дуутай байж болохгүй талаар дурдаад, «… учиргүйгээр бүрээг дуу гаргаж үл болмой» хэмээн өнөөгийн дүрэмд заасны нэгэн адил шалтгаангүйгээр дуут дохио өгөхийг хориглосон байна.
Анхны дүрэмд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:
– хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад цагт 15 миль (24 км/цаг);
– жин тээгсэд зэрэг ба сүрэг мал адуу лугаа уулзваас цагт 10 миль (16 км/цаг);
– нарийн ба багахан мухар гудамжид буюу зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад цагт 5 миль (8 км/цаг);
– их бага гудамжийн буланг эргэж тойрон гарахдаа цагт 5 миль (8 км/цаг).
Анхны дүрэм батлагдаж байсан тухайн цаг үед ердийн хэрэглээний автомашины техникийн боломжит дээд хурд цагт 30-40 км орчим байсан гэхээр хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээ өнөөгийнхтэй харьцуулшгүй доогуур байх нь ойлгомжтой биз ээ. Харин дээрх заалтуудаас харахад хүн, малгүй зэлүүд газар буюу суурин газрын гаднах замд хурдны дээд хязгаарлал тогтоогоогүй байгаа нь сонирхол татдаг юм. Энэ нь тухайн үеийн автомашины техникийн боломжит дээд хурд өнөөгийнх шиг хэт аюултай үр дагаварт хүргэх хэмжээнд байгаагүй, өөрөөр хэлбэл хурд ихтэй явах нь хүн, мал дайрах гэмтэйгээс биш өөрөө онхолдох, хөмрөх хэмжээнд осол дагуулахааргүй байсантай холбоотой болов уу. Нэг үгээр хэлбэл хүн, малгүй газар осол гарах “үндэслэлгүй” тул хурдад хязгаарлал тогтоох шаардлагагүй гэж үзсэн байж болох талтай.
Тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсгээр байрлан явах ерөнхий журам болох замын баруун гар талыг барьж явах тухай үндсэн заалтыг анхны дүрмийн 16 дугаар зүйлд «Замд уулзсан жин тээгчид ба аливаа аянчин жич уурын тэрэг лүгээ зөрөлдөн өнгөрөхдөө уурын тэргэд баруун гараа дагаж явбаас зохимой» хэмээн тунхаглажээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс “Замын баруун гар талын хөдөлгөөнийг баримтлах” тухай өнөөгийн хуулийн заалтыг 1925 онд анхныхаа дүрмээр баталгаажуулж байсан байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн “Хөдөлгөөний эгнээ”-ний талаар ойлголт байхгүй байсан тул энэ, тэр эгнээгээр байрлан явах ёстой гэсэн нарийвчилсан заалт анхны дүрэмд тусгагдаагүй байгаа нь ойлгомжтой. Тэгээд ч олон эгнээгээр зэрэгцэн явах боломжтой өргөн замууд ч алга байв. Гэхдээ дүрмийн 9 дүгээр зүйлд «… гудамж бүхий газар төв голоор гэм гаргахгүйг хичээж явах»-ыг заасан нь замын аль “эгнээ”-гээр байрлан явбал зохихыг журамлан тогтоосон анхны заалт юм. Энэхүү заалтаар тээврийн хэрэгслүүд гудамж замын голчийг барьж явах ёстой бөгөөд энэ нь гудамжны хоёр талын захаас зайдуу явж, явган хүмүүсийн хөдөлгөөнд саад болохгүй байх шаардлагаас урган гарчээ. Учир нь тухайн үед явган хүний хөдөлгөөнд зориулсан зам байтугай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан тусгайлан ялгасан зорчих хэсэг ч байсангүй. Иймээс өнөөгийн дүрмийн заалт шиг тээврийн хэрэгслүүдийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явуулах тухай шаардлага тавих боломжгүй байсан нь ойлгомжтой бөгөөд харин замын төв голыг барьж явахыг шаардсан нь тухайн үеийн нөхцөлд тохирсон зөв зохицуулалт байжээ.
Мөн явган хүний замыг тусгайлан зааглаагүй нарийн гудамжинд тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь аюултай болохыг тухайн үеийн дүрэм боловсруулагчид маш сайн анзаарч «Олон хүний нааш цаашаа явж буй гудамж ба зах зээлийн газарт өмнөө явж буй уурын тэргийг хойноос хөөн ирж урд нь орж … явж үл болмой» хэмээн явган хүмүүсийн хөдөлгөөн ихтэй гудамжинд гүйцэж түрүүлэх үйлдлийг хязгаарласан нь үнэхээр гайхалтай. Түүнчлэн дүрмийн 13 дугаар зүйлд «Их бага гудамжийн буланг эргэж тойрон гарахдаа … бүрээгээ уртаар дуу гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холуур зайлсхийн өнгөрвөөс зохимой» гэж заасан нь үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд эргэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангахын тулд дуут дохио өгч анхааруулах, мөн гудамжны буланг шахахгүйгээр алсуур тойрон гарах нь үзэгдэлтийн аюулгүйн зайг алдагдуулахгүй байхтай холбоотой ажээ.
Ар араасаа яваа тээврийн хэрэгслүүд хоорондын зайгаа хэрхэн тохируулж явах тухай заалт анхны дүрэмд мөн орхигдсонгүй. Өнөөгийн дүрмийн 8.11-д тусгагдсан «Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй … хэмжээний хоорондын зайг … сонгож явна» гэсэн заалтын анхны хувилбар 1925 оны дүрмийн 12 дугаар зүйлд «… өмнөө явсан тэрэгний хойно ойр наалдан явж үл болмой» хэмээн тусгагдаж байжээ.
Хөдөлгөөнд аюул, саад тохиолдсон үед жолооч хурдаа хасаж, тээврийн хэрэгслээ зогсоох тухай өнөөгийн дүрмийн шаардлагын утга санаа анхны дүрмийн 14 дүгээр зүйлд «Аливаа замд уулзсан морь мал цочин үргэх айх бөгөөд хүн малд аюултай учир зүйл тохиолдох нь магадлашгүй болох бөгөөс жолооч тэргээ даруй зогсоож тэрхүү морь малыг гэмгүй өнгөрүүлэхийг хичээвээс зохимой» хэмээн тусгагджээ. Тухайн цаг үед замын хөдөлгөөнд зонхилон оролцогчид нь жолооч нар биш, харин явган хүмүүс ба ердийн хөсгөөр зорчигчид байсан бөгөөд тэд аюул, осолд өртөх нь түгээмэл байсан тул анхны дүрмийн гол утга агуулга явган хүмүүс болон ердийн хөсгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, хөдөлгөөний давуу эрхийг олгосон чиг хандлагыг баримталсан байдаг юм. Тухайлбал: Дүрмийн 8 дугаар зүйлд «Сирена хэмээх бүрээний дуу урт бөгөөд чанга учир морь малыг ихэд цочоон айлгах тул түүнийг хэрэглэж үл болмой», 9 дүгээр зүйлд «Тэрэгний жолооч замаар явахдаа буй чинээгээр болгоомжлох сэрэмжлэх бөгөөд өмнө дор явсан морьтой, явган хүмүүст холоос дараа дараагаар дохио өгч …» явах, 17 дугаар зүйлд «… жин тээгсэд зэрэг ба сүрэг мал адуу лугаа уулзваас жолооч нар тэргээ татаж … холуур зайлсхийн явуулж, тэрхүү мал адгуусыг айлган зовоохгүй аргыг эрвээс зохимой», 18 дугаар зүйлд «Усан голын гүүр ба уул даваа мэт нарийн бөгөөд аюултай замыг өнгөрөхөд уурын тэрэгний жолооч нар маш хичээж тэрэгний дотор суугаа хүмүүс ба урдаас ирж уулзсан хүн, малын амар өнгөрөхийг бодохоос гадна хэрэв тэр мэтийн гүүр ба зам дээр жинчин аянчин ба сүргээр адуу мал уулзваас жолооч нар тэргээ даруй зогсоож гэм төвөггүй өнгөрсний хойно цааш явбаас зохимой» хэмээн явган хүмүүсийг сандаргах, мал, ердийн хөсгийг цочоон үргээхээс сэргийлсэн заалт олноор тусгагджээ. Ялангуяа хөдөлгөөнд саад, бэрхшээлтэй замд явган хүмүүс болон ердийн хөсөгт давуу эрх олгож байсан нь тухайн цаг үеийн ёс заншил, аж байдалд бүрэн нийцэж байсан бизээ.
Тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний чиг огтлолцсон тохиолдолд хэн нь зам тавьж өгч, хэн нь түрүүлж явахыг журамлан тогтоосон нарийвчилсан заалт анхны дүрэмд байхгүй юм. Энэ нь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн ихэд сийрэг байсантай холбоотой бизээ. Мөн тухайн үед ердийн хөсгүүд зөрөлдөн өнгөрөхдөө хөтөч нар нь хоорондоо дохио зангаа өгөлцөж авалцан ёс зүйн хүрээнд ойлголцон хэн нэгийгээ түрүүлж гаргадаг заншил манай оронд гэлтгүй дэлхий нийтэд түгээмэл байжээ. Ийм ч учраас анхны дүрмийн 15 дугаар зүйлд «Урд урдаасаа ирсэн хоёр уурын тэрэг уулзах тухайд жолооч нар харилцан бүрээгээр буюу гараар анхнаасаа хэрэглэж заншсан дохио тэмдэг өгөлцөж замаа заалцаж зөрөлдөн өнгөрвөөс зохимой» хэмээн заажээ. Тухайн үеийн автомашинуудад эргэх дохио өгөх гэрэл байгаагүй тул жолооч нар гараараа буюу хаалгаараа дохио өгдөг байсныг манай улсын эхэн үеийн дүрмүүдээс харж болно.
Анхны дүрмийн сүүлийн заалт болох 21 дүгээр зүйлд «Жолооч нар дотроос энэхүү дүрмийг дагахгүй зөрчигчид гарваас тэд нарыг эрүүгийн хуулиар шийтгэхээс гадна шүүх таслах газарт хэргийн онц хүнд ба чухлыг үзэж уурын тэргийг ч албанд хурааваас болмой. Басхүү жолооч нарын осол омтгойгоос болсон аливаа сүйтгэлийг тэрхүү тэрэгний уг эзний этгээдээс хөөн төлүүлвээс зохимой» хэмээн дүрмийн зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагыг тогтоожээ.
Хэдийгээр цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол эндэгдлийн тоог бууруулах зорилгоор олон ажил хэргийг санаачлан, аян зохион байгуулж байгаа ч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогч сургалтын байгууллагуудаас эхлэн жолооч, замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчдын хэн хэнийх нь хариуцлага хамгаас чухал гэдгийг ойлгох ухамсрын асуудал дутагдалтай байгаа.
Гэтэл дэлхийн зарим улс нэг ч хүүхдийн амийг зам тээврийн ослоор алдахгүй хэмжээнд хүрсэн байна. Мөн энэ төрлийн осолд нэг ч иргэнээ алдахгүй гэсэн зорилт тавин ажиллаж байгаа улс орон ч байна. Харин бид Замын хөдөлгөөнийг 100 орчим жил мөрдөж ирсэн улс шүү дээ.