НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр (2019.05.22) хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл сонссон юм.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 108 утсанд 2018 оны байдлаар 4082 дуудлага иржээ. Тэгвэл 2019 оны I улирлын байдлаар 737 дуудлага ирсний 224 дуудлагыг шийдвэрлэж хаажээ. Ирсэн дуудлагыг эрсдэлийн түвшингээр нь ангилвал 514 нь өндөр, 54 нь дунд эрсдэлтэй байжээ. Харин нийт ирсэн дуудлагын 39 нь бага эрсдэлтэй дуудлага байсан аж.
Түүнчлэн хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд нийтдээ 250 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 165 хүүхдийг гэр бүлд нь буцааж, асрамж халамжийн төвд 56 хүүхдийг хамруулсан байна.
Эцэг эхийн хараа хяналтаас хол, асран хамгаалагчдын анхаарал сул хүүхдүүдийг илрүүлэх зорилго бүхий арга хэмжээг жилд 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Илрүүлэлт 2019” арга хэмжээний хүрээнд 188 хүүхдийг илрүүлжээ. Эдгээр хүүхдүүдийн 88 нь цахим тоглоомын газарт олон хоногоор гэртээ харилгүй тоглож байхыг илрүүлсэн бол сүм хийдээс 47, зочид буудлаас 62, сүлжээ хоолны газраас 23, худалдааны төвүүдээс 12, караоке баарнаас 11, авто вокзалаас нэг хүүхдийг илрүүлж, арга хэмжээ авчээ.
Тэгвэл цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нийтийн том зах худалдааны төвүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг, эрсдэлийн түвшинг бууруулахад чиглэсэн цэг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн хүүхэд хамгаалах түр байранд хоёроос дээш удаа ирсэн хүүхдүүдийг эрсдэлтэй ангилалд багтааж тус бүрт нь кэйс нээн ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ. Түүнчлэн асрамж халамжийн төвүүдийн хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа аж. Хүүхдийн асуудлаар хэвлэлийн зөвлөлийг байгуулж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд хүүхэд хамгааллын асуудлаар редакцийн бодлоготой болох, хүүхэдтэй холбоотой, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хэн дуртай нь өөрийн хүссэн өнцгөөр мэдээллэдэг байдлыг өөрчилнө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тавдугаар сарын 30-ны өдөр “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ болох бөгөөд уг арга хэмжээг дэмжиж ажиллахыг НИТХ-тэргүүлэгчдээс хүссэн бол цаашид хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг дүүрэг бүр дээр ажиллуулах шаардлагатай байгаа гээд үүнд автомашин, байрлах байрны дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва дүүргүүдэд байгуулах түр хамгаалах байруудад шаардлагатай байгаа автомашин, байрлах байрны асуудлыг шийдвэрлэх талаар дүүргүүдийн удирдлагуудад тэмдэглэлээр үүрэг өгөхөөр болжээ.