1997 онд түүнийг нас барахад дэлхий даяараа олон арван сая хүн харуусан гашуудсан гэдэг. Тэр дэлхийн II дайны хүнд хэцүү он жилүүдэд фашистуудын гараас олон зуун хүний амийг аварч, тэднийгээ хооллож, хувцаслаж, орон байраар хангаж, тэр ч бүү хэл биеийн байцаалт бичиг баримт хүртэл олж өгч тусалдаг байснаараа анх хүн төрөлхтөний анхааралд өртөж, олонд хүндлэгдэж эхэлсэн юм.
Хорвоо дээр 67 наслахдаа Христийн шашны ариун эх хэмээн өргөмжлөгдөж, хэдэн мянган хүнийг үхэл, өвчин зовлонгоос аварсан Тереза эхийг өнөөг хүртэл хүндлэн биширч, сургааль номлолыг нь дагадаг хүмүүс манай Монголд ч цөөнгүй бий.
Нэгэнтээ АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Тереза эхийг Бурхны шашны далай ламтай эн зэрэгцэх загалмайн шашинтны Ромын папын дараа орох цорын ганц хүн хэмээн хэлж байсан удаатай. “Сэтгэлийн дархлаа” уншигч танд хайр, уучлал, энхтайвныг түгээн дэлгэрүүлэгч Тереза эхийн амьд ахуйдаа өөрийн эх орон болох Энэтхэгийн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. Тэрээр Энэтхэг, Албани гаралтай эмэгтэй байсан юм.
-Тереза ээж ээ, таны ээж ямар үндэстэн хүн байсан юм бэ?
-Албани хүн байсан. Гэхдээ би Энэтхэгийн Калькутта хотын олонх иргэдийн ярьдаг бенгали болон англи хэлээр хэлд орсон хүн шүү.
-Та чинь тэгэхээр албани хүн болж байна уу, эсвэл энэтхэг үү?
Би өөрийгөө энэ хүн төрөлхтөний нэг нь болж хорвоод ирсэн бурхны хүүхэд гэж боддог.
–Тэгэхээр та чинь өөрийн гэсэн үндэс угсаагүй хүн болж таарах нь ээ?
-Надад Америк, Албани, Энэтхэг, бас Ватиканы дипломат пасспортууд байгаа. Би хүссэн цагтаа эдгээр улсын алинд нь ч чөлөөтэй зөрчиж чадна. Би америкчуудаас надад виз дарж өгөөч гэсэн чинь тэд надад таван жилийн хугацаатай өөрийн улсын визийг дарж өгсөн юм. Гэхдээ надад энэ дэлхийн аль ч улс оронд очиход визтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэнгүй өдийг хүрчээ. Би их олон оронд очсон.
-Та их олон хүн цуглуулж байгаад өөрийн үзэл санааг бусадтай хуваалцдаг. Үүнийгээ та нар өөсдөө цугларалт гэж нэрлэдэг. Таны үзэл санааг дагагчид ирээдүйд улам олон болно гэдэгт та үргэлж итгэлтэй явдаг уу?
-Тийм ээ. Миний цугларалтын тухай дэлхий тэр аяараа мэднэ. Намайг дэмжигчид дэлхийн 126 оронд байдаг. Тэдгээр оронд миний болон намайг дэмжигчдийн 561 цуглаанд 4600 гэлэнмаа байгаа. Тэдгээр гэлэнмаанууд маань үгээгүй ядуу хүмүүсийн төлөө үйлчилдэг. Бид бурхны ядуу шавь нар, бурхны тэдгээр ядуу хүүхдүүдийн төлөө чадах бүхнээ л хийхийг хичээдэг.
-Таны энэ их ажил, үйлчлэлийн гол зорилго чинь юу юм бэ. Шашны фундаментализмыг түгээн дэлгэрүүлэх явдал уу?
-Бурхан өөрийнхөө хүн төрөлхтөнд хэлсэн сайн мэдээндээ маш тодорхой өгүүлсэн байдаг. “Чи юу ч хийсэн, ямар ч үйл бүтээсэн миний ах дүүсийн төлөө өчүүхэн бага зүйлийг хийхэд л болно” гэж. Энэ бол бурхны бидний төлөө хийж чадах гол ажил. Үүнээс гадна бурхан “Надтай цуг залбир. Тэр чиний төлөө юу бэлдсэнийг харцгаа. Чи надад хоол өгөхөөс өмнө би өлсгөлөн байсан. Чи намайг ундаалахаас өмнө би цангасан байсан. Чи намайг хувцаслахаас өмнө би нүцгэн байсан. Чи надад орон гэр өгөхөөс өмнө би хонох газаргүй байсан. Чи над дээр ирэхээс өмнө би өвчтэй нэгэн байсан. Бид бүгдээрээ ах, эгч, дүүсийнхээ төлөө л үйлчилцгээдэг” гэж айлдсан байдаг. Бид бүгдээрээ бурхны бүтээл.
Чи хаана бусдын төлөө сайн үйл хийж байна, тэнд хайр, эв нэгдэл, баяр баясгалан буцалж байдаг юм.
-Таныг янз бүрийн хүмүүсээс мөнгөн хандив аваад байна гэсэн яриа их гардаг. Мөнгөн хандив бусдаас авахынхаа өмнө тэднийг итгэлтэй, найдвартай хүмүүс үү үгүй юу гэдгийг нь нягталж шалгадаггүй юм уу. Хандив өгч л байвал хэнээс ч хамаагүй авдаг хэрэг үү?
-Энэ талаар танд хариулах ямар ч хариулт надад алга. Би болон миний шавь нар бүхий л зүрх сэтгэлээрээ байгаа бүхнээ ядуусын төлөө зориулна гэж тангарагласан хүмүүс. Миний шавь нар, бас би аль ч улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, ерөнхий сайд, эзэн хаадуудаас бидэнд хандив тусламж өгч дэмжээч гэж гуйдаггүй. Бид хандивлагчдынхаа өгсөн зоос нэг бүрийг ядууст тарааж өгдөг. Бидний энэ ажил бол ямар нэгэн цалин хөлсгүй сайн дураараа хийж байгаа ажил. Яагаад бурхны үнэнч шавь хэн нэгэн хүн бидний ажлыг дэмжээд үгээгүй ядуусын төлөө мөнгө өгч байхад бид түүнийг нь авахаас татгалзах ёстой гэж.
-Энэтхэгийн томоохон гүн ухаантнуудын нэг Шанкара таны бусдын төлөө үйлчилдэг энэ их ажлын тань эцсийн зорилгыг тэдгээр ядуу хүмүүсийн үйлдсэн гэм нүглийг өөрсдөд нь заавал ухааруулж чаддаг байх ёстой. Тэгэхгүй юм бол бурхны үйлчлэл байж чадахгүй гэж хэлсэн. Та үүнд нь ямар хариу өгөх вэ?
-Бурхан биднийг бүгдийг нь уучилдаг. Хүн заавал хийсэн буруу үйлийнхээ төлөө гэсгээл хүртэх албагүй. Гол нь бурхны өмнө уучлагдаж, гэм нүглээ ойлгон ухаарах нь чухал. Би хүмүүст бид бусдын төлөө буян хийж л байвал энэ чинь бие биенээ хайрлаж, хүндэлж байгаагийн нэг илрэл мөн гэж үргэлж хэлдэг. Чин сэтгэлээсээ бусдын төлөө үйлдэж буй буян бүхэн энхтайвны төлөө ариун үйлс болдог юм шүү дээ.
-Калькуттад байдаг миний гэрт үргэлж, хайр, хүндлэл, эв нэгдэл буцалж байдаг. Олон арван энэтхэг хүмүүс Калькутта хот дахь манай гэр лүү хоол, хуучин хувцас зэргээ бариад хүрч ирцгээдэг. Тэдний зарим нь тэндээ, манай гэрт хэнд ч хөөгдөж туугдалгүй амьдарч байгаад амар тайван бурхны орондоо очицгоодог. Би үүнийг нь огтхон ч тээршааж, надад саад боллоо гэдэггүй. Би ингэж өгөөмөр, тэвчээртэй, чин сэтгэлээсээ загнаж байгаагаа бусдыг хайрлах хайрын яруу тод илрэл гэж бодож явна. Би манай гэрийг, намайг зориод ирсэн тэр олон хүнээс “Яагаад чи энд ирэв” гэж нэг ч удаа асууж байгаагүй. Үүний хариуд тэд миний айлдах сургааль, үгнүүдийг минь тэвчээртэй, хүлээцтэйгээр сонсдог. Тэдгээр ядуу хүмүүс миний хувийн хауст ирснээрээ бурхны төлөө, бусдын сайн сайхны төлөө үйлчлэлд оролцож, үүнээсээ хайр, энхтайван, хүндлэлийг мэдэрч эхэлцгээдэг юм. Гэвч биднийг шүүмжилж, эсэргүүцэгч муу хүмүүс бидний энэ аз жаргалтай, баяр баясгалантай амьдралд минь тийм ч дуртай байдаггүйг би мэднэ ээ.
-Ядуусыг өөр хүн болгож өөрчилж чаддаг таны нууц юу вэ. Таны хаанаас энэ их хүч, тэвчээр гардаг юм бэ?
-Энэ хорвоо дээр ямар ч нүгэлтэй хүнийг сайн тал руу нь өөрчилж болно. Бурхнаас бусдыг нь. Учир нь бурхан бол агуу учраас түүнийг өөрчлөх шаардлагагүй. Энэ хорвоо ертөнц дээр хэнийг ч хүчээр чи өөрийн итгэдэг шашны сургааль номлолоо өөр шашны сургааль номлолоор соль гэж албадаж болохгүй. Тэр хүний итгэл үнэмшлийг хүндэтгэх хэрэгтэй. Бид өч төчнөөн ядуу хүмүүсийг гудамжинд өт хорхойндоо баригдаад өлсгөлөнгөөр үхэхээс аварсан.
Миний шавь нарын аварсан ийм хүмүүсийн тоо бараг 40 мянгад хүрсэн дээ. Хэрвээ би замын дунд шантраад бууж өгсөн бол эдгээр 40 мянган хүн хайр, хүндлэл, амар амгаланг мэдэрч үзэлгүйгээр гудамжинд өлсөөд, өвдөөд үхэх байсан шүү дээ. Үгээгүй ядуу тэдгээр хүмүүс гудамжинд нохойноос ч доор амьдралаар амьдарч байсан улсууд. Харин би болон миний шавь нар тэдэнд энэ бүхнийг өгсөн. Хором, мөч бүрийг зовж тарчилж өнгөрүүлж байсан тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлд бид амар амгаланг бий болгож чадсан гэж хэлж болно.
Амар амгаланг мэдэрч чадсан тэр хүмүүс миний хауст нас барах тоолонд би тэр хүний ямар шашин шүтлэгтэй хүн байсныг заавал хүндэтгэж үздэг. Хэрэв муслим хүн байсан бол би мулла ламыг, буддист байсан бөгөөс буддын санваартныг дуудаж, талийгчийг хойтын замд нь үдэх ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Учир нь би энэ хорвоогийн хүн бүрийн унаган шашин, итгэл үнэмшлийг нь хүндэтгэхийг хүсдэг. Би Христийн шашны төлөөлөл гээд хүмүүст өөрийнхөө сургааль номлолыг хүчээр тулгах эрх надад байхгүй.
-Гэхдээ л тэдэнд тусалж, амьдралыг нь аварч байгаа хүн нь христчин болохоор тэдгээр ядуу хүмүүс христийн шашинд автахгүй гэж үү. Энэ чинь таны христэд хүмүүсийг олноор нь итгүүлэх зорилготой нууц ажиллагаа биш юм уу?
-Үгүй дээ. Тийм биш. Миний тусалсан хүмүүс миний шашинд итгэхийг тэр бүр хүсдэггүй. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн шүү дээ. Бурхан бүх хүнийг уучилж, өршөөж чаддаг гэж. Би хэзээ ч тусалсан хүмүүсээсээ миний шашинд итгэ, дага гэж шаардаж байгаагүй. Харин тэрний оронд би хүмүүст “Чи нүгэл их үйлдсэн байна шүү” гэж сануулж хэлдэг. Хэрэв тэр хүн өөрөө миний бурханд итгэхийг хүсвэл манай гэрт байгаа гэлэнмаануудын нэгэнд нь хандаад тусламж хүсч бололгүй яахав. Энэ бол чөлөөтэй. Гэлэнмаа нарын маань хэн нь ч гэсэн тэр хүнд бурхны ариун зам мөрийг заагаад өгч чадна. Хүн өөрчлөгдөхийн тулд заавал итгэл үнэмшлээ өөрчлөх албагүй. Гол нь өөрийнхөө сэтгэл санаа, оюун бодлыг өөрчлөх нь чухал. Зүрх сэтгэлээ ариусгаж, нүгэл хийхээ больж чадвал сая энэ чинь өөрийгөө өөрчилж байгаа хэрэг мөн. Гол нь чи хэний ч шахалт шаардлага, албадлагагүйгээр үүнийг хийх ёстой.
Эх сурвалж: