Энэ хавар махны үнэ эрс нэмэгдсэнд иргэд нэлээд бухимдаж байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд МХЕГ болон ТЕГ Эмээлт захад үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай махны үйлдвэр Баян-Өлгий аймгаас 20 тонн мах оруулж ирлээ. Мах нь стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй малын мах байж болзошгүй байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Лабораторын шинжилжилгээгээр энэ нь үхсэн малын мах болохыг тогтоосон гэсэн эх сурвалжийн мэдээг хэвлэлүүд олон нийтэд хүргээд байна.
Баян-Өлгийгөөс тээвэрлэж ирсэн 20 тонн махыг Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулсан бөгөөд хууль хяналтын байгууллагууд ч улсын хилээр нэвтрүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавьж, хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлэн, зарим этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Махны үнэ өсч, эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ их хэмжээний ашиг олох зорилготой гадаадын иргэд, ААН-үүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд махны наймаа эрхэлж байгааг олон нийтийн сүлжээнийхэн өнгөрсөн оны сүүлчээс мэдээлэх болсон.
Мэргэжлийн байгууллагуудад ч эцэж үхсэн болон өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байна гэсэн ноцтой мэдээ олноор ирж байгаа юм байна.
Ийм мэдээллийн дагуу тавдугаар сарын 16-нд ХХААХҮЯ, ТЕГ, МХЕГ, МЭЕГ-ын алба хаагчид “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийсэн байдаг.
Тус компани гэхэд 120 тонн хонь, адууны мах нөөцөлсөн бөгөөд хонины махаа 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэж тайлбарласан ч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болохыг тогтоогдсон гэдгийг албаныхан хэлсэн байгаа.
Шалгалт хийх явцад тус үйлдвэрт гадаадын дөрвөн иргэн ажиллаж байсан бөгөөд тэд хонины махыг зумлах технологи ашиглан боловсруулсан байжээ. Гэхдээ тэд нөөцийн мах бэлтгэхдээ ямар арга технологи хэрэглэсэн болох нь тодорхойгүй байсан гэнэ.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл.
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн
3.1.6: “Стратегийн хүнс” гэж “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын
3.4.1 “Хүний аюулгүй байдал”,
3.4.2 Хүнсний аюулгүй байдал хэсгүүдийг мөрдөж ажиллах үүргийг УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ зөвлөл, Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд /ТЕГ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага/, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж заасан байдаг.
Тиймээс экспортод сөргөөр нөлөөлөх, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх аюултай их хэмжээгээр хууль бусаар тээвэрлэсэн махны тухай мэдээллийг МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг Төрийн байгууллагуудад өгч болох юм байна.