Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон намын удирдлагууд өнөөдөр (2019.05.20) Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү Баасан гарагт Төрийн ордонд зуурдаар нас барсан асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД Ц.Туваан талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл сошиалаар тараах, гүтгэх зэрэг явдал гарч байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.
АН-ын Дэд дарга Х.Тэмүүжин мөн талийгаачийн зүрх нь хаагдсан, бие нь муу байсан гэх мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, “Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн газраас энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Унасан шалтгаан юу байгааг хэлж мэдэхгүй ч өндрөөс унасан, маш их хэмжээний гэмтэл авснаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан.Шүүхийн шинжилгээний хариу бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Харин задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр маш их хэмжээний гэмтэл авснаас амиа алдсан гэдэг дүгнэлтүүд гарч эхэлж байна. Хэрэг гарсан өдөр 18:20 цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:33-18:36 цагийн үед АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай утсаар ярьсан байсан. 18:35 цагийн орчимд Төрийн ордны гурван давхраар баруун зүг рүү явж байсан нь бичлэгт үлдсэн. 19:09 цагт амиа алдсан. 19:57 цагт цагдаагийн байгууллагад анхны дуудлага ирсэн. Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна” гэв.
Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд тухайн өдөр талийгаач Г.Батхүүтэй уулзсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Хамгийн сүүлд уулзсан болон Төрийн ордны баруун жигүүрт талийгаачийн унасан газартай ойр өрөөтэй УИХ-ын гишүүд, ажилчдаас мэдүүлэг авчээ.