Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийдэг. Цаашид энэ зардлыг төр хариуцахаар болж байна. Монгол Улсын Засгийн газраас анх удаа иргэн Ш.Мөнхжаргалд элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг 100 хувь даахаар болжээ. Тэрбээр ирэх сарын 12-нд хагалгаанд орох юм. Анх 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох шаардлагатай болсоноос хойш байр, машинаа зарж, хандив цуглуулсан боловч хагалгааны мөнгө нь хүрэлцэхгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Ш.Мөнхжаргал одоогоор гэр түрээслэн амьдарч байгаа аж. Түүний донорыг олох шинжилгээнд зөвхөн нөхрийх нь таарч, нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгддэг аж. Өнгөрсөн сард Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн юм.
Энэ шийдвэрийн дагуу “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт 40-60 насны иргэдэд хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар үнэ төлбөргүй хийж, эмчилгээний зардал үнэгүй боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилжээ. Үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай аж.