Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ШТС-ын талбайд автомашиныг хийгээр цэнэглэх станцыг байрлуулуулахгүй байхыг анхаарууллаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон автомашиныг хийгээр цэнэглэх газарт шалгалт явуулсан байна.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр (2017.04.28) мэдээлэл хийв. Нийслэлд автомашиныг хийгээр цэнэглэдэг 9 аж ахуй нэгжийн 40 станц байдаг. Эдгээрээс 22 нь шатахуун түгээх газрын талбай дээр хамт байрласан аж.
Хэрэв цаашид энэ нь хүрээгээ тэлвэл нийслэл хот “тэсрэх бөмбөг” дээр байрласнаас өөрцгүй болно гэж НМХГ-ын ДБХХ-ийн дарга Н.Гантулга хэлэв. Шалгалтаар Улаанбаатар хотод шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгжид хяналт тавьжээ.
Үүнд, Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, “М Ойл” групп ХХК-ийн 2, нийт таван ШТС улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан аж. Мөн АХЦС-уудын 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ. Зөрчилтэй АХЦС-уудын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, торгуулийн арга хэмжээг авсан байна.