Монгол Улсын үүрэн телефоны хэрэглэгчдэд олон улсын кодтой дугааруудаас дуудлага ирж байгаа тухай 2018 оны эхээр сошиалаар нэлээд шуугисан билээ.
Тодруулбал, +231 3304 43301 болон +38763302660 дугаартай Либери, Босни Герцеговин зэрэг газрын нэр бүхий дуудлага ирсэн тухай хүмүүс олон нийтийн сүлжээндээ бичиж байв. Зарим нь “дуудлага хүлээж авбал их хэмжээний мөнгө авдаг, хэрвээ ямар нэгэн зүйл асуухад тийм гэж хариулсан тохиолдолд дуу хоолойг нь ашиглан данснаас гүйлгээ хийдэг” гэх мэтээр бусдадаа анхааруулсаар байсан юм.
Олон улсын хэмжээнд эдгээр дуудлагыг “Оne ring scam” буюу залилан гэж үздэг байна. 2018 оны нэгдүгээр сард Америкийн хэрэглэгчид Либери гэсэн дээрх дуудлагыг хүлээн авснаас болж хохирч байжээ. Тус улсын Харилцаа холбооны зохицуулах зөвлөл үүнтэй адил 45 гомдол хүлээж авсан байна. Энэхүү дуудлагууд утсаар ярих нь товчхон бөгөөд хариулт өгөхөд хангалттай цаг хугацаа өгдөггүй нь үүрэн телефоны хэрэглэгчдийг эргэж залгахад хүргэдэг байна.
Хэрвээ хүмүүс буцааж залгасан тохиолдолд нэг минутад найман доллар хүртэл “унаж” байсныг “Journal” сонинд бичжээ. Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн тус сонинд ярилцлага өгөхдөө “Энэхүү залилангийн дуудлагын дугаарыг тодорхойлох аргагүй. Тэдгээр нь бидний өдөр тутам тохиолддог ердийн, танил болсон, газар зүйн байршлын дугаартай төстэй байдаг” гэв.
Харилцаа холбооны зөвлөлийн мэргэжилтнүүд олон улсын үл мэдэгдэх тоо бүхий дугаараас дуудлага ирвэл авахгүй байхыг зөвлөдөг. Тэгвэл энэхүү дуудлага саяханаас дахин ирэх болсон байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;
-Ихэнх 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
-Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
-Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах.
Учир нь таны утасны төлбөр (1 мин нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй. Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Герман /49/, Орос /792/, Antigua /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.