Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өнөөдөр хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв.
Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 иргэн амьдардаг. 1956 онд ашиглалтад орсон гурван давхар барилга, 36 жилийн насжилттай. Тус байрны цахилгаан шугамыг шинэчлэснээр галын аюул үүсэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн ая тухай амьдрах орчныг дээшлүүлэх юм” гэж танилцуулав.
Цахим системд нэвтрэн үзэхэд Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 25.9 сая төгрөгийн өртөгтэй уг тендерт нэг ч оролцогч материал ирүүлээгүй байсан тул дахин зарлахаар болсон юм.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Гончигдорж “Улиастай голын эх хөндийд 100 га газарт шилмүүс, навчит мод, бут сөөг бүхий ойн зурвас үүсгэх аргаар нөхөн сэргээлт хийгдэнэ. Иймд уг тендерт мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр эрх авсан мэргэжлийн байгууллага байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, мод үржүүлгийн газартай, тарьц суулгацын нөөцтэй байх зэрэг үндсэн шалгуурыг тавьж байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ойн зурваст хамгаалалтын хашаа хайс хийж, байнгын манаач ажиллуулах, гурван жилийн хугацаанд стандартын дагуу иж бүрэн арчилгаа, нөхөн тарилт хийх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан” хэмээн хоёр дахь тендерийг танилцуулсан юм.
Уг төсөл, арга хэмжээ нь Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.
“Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий нээлттэй тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлсэн аж. “Ойн таксаци”, “Алтан эрхэст од”, “Цэцэрлэгжилт”, “Ургамал орчин” гэсэн аж ахуйн нэгжийн материалтай танилцсаны дараа үнэлгээний хороо үнэлж, эцсийн шийдвэр гаргана гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.8-12.5 тэрбум төгрөг хүртэлх төсөвт бүхий 10 төсөл, арга хэмжээний барилгын ажлын нээлттэй тендер зарлаж, оролцогчоос санал хүлээн авч байна. Эдгээр ажлын урилга болон тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд www.tender.gov.mn-ээс үзэж танилцах, тендерт оролцох бүрэн боломжтой.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс