Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнөөдөр (2019.05.17) мэдээлэл хийлээ.
Тус газраас Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” албан даалгаврын хүрээнд нийтийн тээвэрт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Улаанбаатар хотын гол гудамж, замуудаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг хурдан шуурхай явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинээр гурван экспресс чиглэлийг нээн 2019 оны энэ сарын 20-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болжээ.
Эдгээр экспресс чиглэлүүд нь шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад зогсож зорчигчдод үйлчлэх юм байна.
Экпсресс 1 чиглэл: “5 шар-Зүүн зам”: тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх аж. Таван шар, Хархорин, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Баруун 4 зам, Улсын ихдэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн 4 зам гэсэн 10 зогсоолд зогсох юм байна. Ингэснээр хамгийн их ачаалал авдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.
Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”: Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм байна. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж.
Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”: Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой.