УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нартай холбоотой МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийллээ.
Намын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын асуудлыг хэлэлцээд 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн асуудал ярьж, шийдвэрлэсэн гэж би хэвлэл мэдээллээс олж мэдэж, ойлгосон.
Энэ дээр бол УИХ дахь МАН-ын бүлэг буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Би ч гэсэн М.Батбаатар даргатай хоёр ч удаа ярьсан. Нэгдүгээрт Ш.Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар шийдвэр гаргасан байна билээ. Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгой компанид шалгалтын материал гаргаж өгсөн гэдгээр нь юм билээ.
УИХ-ын гишүүн бол УИХ-ын чуулган болон, Байнгын хорооны хуралдаан дээр үг хэлээд байр сууриа илэрхийлэх асуудал чөлөөтэй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. Оюутолгойд Д.Дамба-Очир гишүүн бичиг өгсөн асуудал нь улсын нууцтай холбоогүй. Шалгуулсан байгууллага хүсэлт гаргахаар нь хүсэлтийнх нь дагуу бичиг өгсөн юм байна билээ. Тэрнийх нь төлөө ийм арга хэмжээ авч болохгүй л дээ.
Тийм учраас намын Хяналтын байгууллагыг дахин хуралд, энэ асуудлыг эргэн авч үз, хурдан түргэн шийдсэн юм биш үү. Хууль хяналтын байгууллага ч юм уу, албан ёсны байгууллагаар нотлогдоогүй асуудлыг хурдан түргэн шийдэж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа.