АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн эхэлснээс хойш 318 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд хоёр тал харилцан импортын татвар тавих дөрвөн багц бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулсан юм. Үүнээс болж хоёр орны төдийгүй дэлхийн эдийн засагт том хохирол учирч болохуйц муу үр дагаврууд ажиглагдаж байгааг зах зээлийн шинжээчид сануулах болсон.
Гэхдээ сүүлийн үед дэлхийн тэргүүлэх улс орнуудын төрийн тэргүүд энэ асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон нь худалдааны дайн аль хэдийн АНУ, БНХАУ-ын хоорондох асуудлаас хальж дэлхий нийт санаа зовох ёстой зүйл болж хувираад байгааг харуулж байна. Дэлхийн түүхэнд ХХ зуунд үүнтэй ижил нөхцөл байдал үүсэж улс орнууд өөрийн үнийн тарифыг тогтоож эхэлснээр нийт худалдааны эргэлт 65 хувиар буурсан юм. Үүнээс болж эдийн засгийн том хямралд өртсөн нь дэлхийн II дайн гарах шалтгаануудын нэг болсон гэж түүхчид үздэг.
Цус асгаруулсан дайнд дайсны хэдэн цэргийг устгаж, олзолсныг тоолж өрсөлдөгч талаа бүх талаар илүүрхсэн нь ялалт байгуулдаг бөгөөд ямар ч дүрэм байхгүй. Харин худалдааны дайнд гол нэрийн бараа бүтээгдэхүүнд татвар тавих замаар нөгөө талынхаа эдийн засагт хохирол учруулж, өөрсдөдөө ашигтай, давуу талыг бий болгох дүрэмтэй.
Хэрвээ тэд үнэхээр эцсээ хүртэл харилцан буулт хийхгүй байх аваас энэ дүрэм Хятад, Америкаас эдийн засаг нь хэт хамааралтай орнуудад хамгийн түрүүнд сөрөг нөлөө үзүүлэх аж. Дэлхийн хамгийн том эдийн засагтай их гүрнүүдийн эдийн засгийн удаашралын нөлөө тэднээс хараат улсуудад аль хэдийн ажиглагдаж эхэлсэн талаар шинжээчид өөрсдийн байр суурь, дүгнэлтийг илэрхийлж байна.
Одоогоор Америкийн тал Хятадын нийт 250 тэрбум ам.долларын үнэ бүхий импортын бараанд татвар ногдуулаад байгаа бөгөөд тун удахгүй хэрэгжиж эхлэх шинэ арга хэмжээний дагуу энэ тоо 325 тэрбум ам.долларт хүрэх юм. Харин Хятадын тал өнөөдрийн байдлаар Америкийн гол нэр төрлийн 110 тэрбум ам.долларын импортын бараанд татвар ногдуулаад байна. 2018 оны байдлаар АНУ-ын худалдааны зөрүү 621 тэрбум ам.доллар болсон нь 1975 оноос хойших дэлхийн түүхэнд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт байсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, гадаад худалдааны бодлогод тусгагдсаны дагуу импорт, экспортын зөрүүнээс болж удаан хугацаанд үргэлжилсэн АНУ-ын бодит алдагдлыг бууруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Доналд Трампын засаг захиргаа үүнийг шийдвэрлэхийн тулд АНУ-д орж ирэх ган төмөр, автомашины импортын татварыг нэмэх болон Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод хязгаарлалт хийж, өндөр татвар тавих гэсэн үндсэн гурван чиглэлийг барин ажиллаж байна.
Гэтэл Нью Йоркийн Холбооны нөөцийн банк, Принстон болон Колумбын их сургуулиудын хийсэн эдийн засгийн судалгаагаар Доналд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эдгээр асуудалд ямар нэгэн бодит ахиц гаргаж байгаа гэх ямар ч нотолгоо олдоогүй аж. Харин ч худалдааны дайн эхэлснээр 2018 оны байдлаар АНУ-ын бодит алдагдлын хэмжээ сард 1.4 тэрбум ам.долларт хүрч, арваннэгэн сарын байдлаар 6.9 тэрбум ам.доллар болжээ.
Худалдааны тариф тогтоох энэхүү арга зам нь Хятад, Америкийн хооронд бизнес болон худалдаа эрхэлдэг компаниудад хамгийн том хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс хоёр орны эрх баригчид нэн яаралтай харилцан ашигтай шийдэлд хүрч энэ дайныг дуусгах шаардлагатай гэж худалдааны танхимууд үзэж байна. Учир нь байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал зөвхөн 2019 онд л гэхэд томоохон компаниуд нийт 165 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг өндөр татвараас болж арилжаалахгүй гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Энэ нь барааны хомстол үүсгэж валютын ханшийг өсгөнө, эдийн засгийн удаашрал бий болгосноор алсдаа эдийн засгийн хямрал ч үүсэж болох эрсдэлтэй аж. Зөвхөн Хятад болон Америкийн хооронд хийгддэг худалдаа нь дэлхийн нийт худалдааны эргэлтийн 0.5 хувийг эзэлдэг аж. Энэхүү татварын тариф тогтоох явц нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондох худалдааны нийт эргэлтийн талаас илүү хувийг нөмөрсөн болохыг эдийн засгийн шинжээчид онцолж байгаа.
Дэлхийн худалдааны байгууллага үүнээс болж дэлхийн эдийн засаг энэ жил өнгөрсөн онтой харьцуулахад үнэмлэхүй хэмжээгээр хохирно гэж тооцоолж байна. Нидерландын эдийн засгийн товчооноос гаргасан судалгаагаар зөвхөн худалдааны дайны уршгаас болж дэлхийн нийт эдийн засаг 2019 оны эхний хоёр сарын байдлаар 1.1 хувиар буураад байгаа аж.
Харин АНУ болон БНХАУ-ын гаалийн мэдүүлэгт тусгагдсан мэдээллийг авч үзвэл 2019 оны эхний улирлын байдлаар дэлхийн нийт худалдааны эргэлт 25 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Эх сурвалж: