УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үеэр “баривчлах ял” –тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон. Гэтэл чуулганы хуралдааны өмнө эрх баригчид хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ.
Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат эсэргүүцэж орилоод ч хэрэг алга. Бид хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм. Бид Зөрчлийн хууль нэг тал руугаа дэндүү буруу явах гээд байна гэж харж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад санал өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” хэмээлээ.
Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд картаа сугалж аваад, чуулганы хуралдааныг орхин гарлаа. Чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж эхлэх товтой байсан. Гэвч хуралдаан эхлэх ёстой цагаасаа даруй хоёр цаг гаруйн дараа буюу 13:20 цагт эхэлсэн. Учир нь чуулганы хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Зөрчлийн хуулийн асуудлаар хуралдсан юм