Чойр-Улаанбаатарыг холбосон 250 км төмөр замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэж болохуйц хэмжээнд хүргэх бүтээн байгуулалт энэ намар эхлэх юм байна.
“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийн дагуу Чойрын төмөр замын бүтээн байгуулалтад “Кайсун Холдинг” болон БНХАУ-ын төрийн өмчийн Хятадын төмөр замын барилга угсралтын компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын дэд бүтэц, барилга угсралтын ажлыг “Кайсун Холдинг” компани бүрэн хариуцах аж.
Тажикстаны нийслэл Душанбе хотод 2014 оны есдүгээр сард болсон Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар Монгол Улсын санаачилсан “Талын зам”, БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам”, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн коридор” төслийн хүрээнд гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцсон аж.
Уг гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд “Кайсун Холдинг” компанийн Гүйцэтгэх захирал Янг Ёнгченг, Хятадын төмөр замын барилга угсралтын компанийн төлөөлөгч Бао Гуожонг, Хонконг-Макаог хавсран суух Ерөнхий консул С.Эрдэнэ нар оролцсон байна.