Монгол хүний удмын санг эрүүл авч явах нь зөвхөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эмч нарын үүрэг хариуцлага бус эр нөхрүүдэд мөн адил хамааралтай, хамтын ажиллагаа болохыг Монгол Улсын Ардын эмч, клиникийн профессор Б.Үйлст, түүний шавь, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргал нар “Эрүүл удам” номондоо тусгаж өгчээ.
Ургийн гажиг, жирэмсний хүндрэлийг үүссэн хойно нь оношилж, эмчлэх бус, үүсэхээс урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаах ухааны гол зорилго болоод байгаа билээ. Энэхүү хөтөч ном нь нотолгоонд суурилсан анагаах ухааны орчин үеийн онол, жирэмслэлт, жирэмсний хяналт, төрөлтийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг агуулсан, айл бүрт зайлшгүй байх хэрэгтэй ном болсон байна.
Хүн амын хэт нягтрал, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал баталгаагүй болж буй зэрэгтэй холбоотойгоор ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлт зулбалт, амьгүй төрөлт, жирэмсний хүндрэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь нийгмийн хөндүүр сэдэв болсон.
Үр хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа хос болгонд жирэмсэн болохын өмнөх үеэс эхлээд бяцхан үрээ өлгийдөн авах баярт мөч хүртэлх урт, адармаатай аяллын туршид хамгаас үнэтэй эрүүл мэндээ хамгаалахад тань “Эрүүл удам” ном хөтөлж, туслах болох юм.