Данийн Йоахим Олсен гэх улстөрч дэлхийн түүхэн дэх хамгийн гайхширмаар сувгаар сонгуулийн сурталчилгаа хийсэн хүн болж байна. Тус улсын парламентын ээлжит сонгуульд Либерал холбоо намаас нэр дэвшиж буй тэрээр сонгуулийн сурталчилгаагаа насанд хүрэгчдийн видео сайтаар дамжуулан хийж байгаа аж.
Тэрээр энэ талаар “CNN”-д ярихдаа “Би үнэхээр энэ сонгуулийн сурталчилгаагаа энэхүү сувгийг ашиглан хийж байгаа. Миний нийт сонгуулийн сурталчилгааны 95 хувь нь ийм хэлбэртэй байх болно. Учир нь ийм төрлийн веб сайтуудад миний жинхэнэ сонгогчид байгаа. Хэрвээ сонгогч та нэр бүхий веб сайтаас намайг олж харвал эргэлзэх хэрэггүй. Энэ үнэхээр бодитой учраас агуулгыг нь үзээрэй” гэсэн юм.
Йоахим Олсен нь өмнөх сонгуульд ч өвөрмөц маягаар сурталчилгаагаа хийж ялалт байгуулснаар Данийн парламентын гишүүн болсон юм. Тэрээр өмнө нь олимпын зээрэнцэг шидэлтийн тамирчин байжээ. Монголын улстөрчдийн сонгуулийн үеэр тарааж байсан гарын бэлгүүдийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг саяхан МУИС-ийн оюутнууд зохион байгуулсан билээ. Тэдний дунд хөгжилтэй гэмээр зүйлс олон харагдаж байв. Сонгуулийн жил ойртож байна.
Зарим улстөрчид аль хэдийн ирэх сонгуулийн PR-аа хийж эхэлсэн харагдана. Манай улстөрчид ч гэсэн иргэдийн дургүйцлийг хүргэсэн эсвэл хөгжөөсөн сурталчилгаануудыг олонтой хийж байсан удаатай. Гэхдээ ийм алхам хийх нь санал авахад нь хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэхгүй ч төр түшилцэх хүн мөрийн хөтөлбөрөөрөө л сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэд ч гэсэн үүнд нь илүүтэй анхаарах нь чухал мэт. Харин дэлхийн түүхэнд тохиож байсан хамгийн хачирхалтай сонгуулийн сурталчилгаануудыг хуваалцвал.
1. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч асан Борис Ельцин 1996 оны сонгуульд Бразилын телевизийн олон ангит киног сурталчилгаандаа ашигласан нь үр дүнгээ өгч нийт иргэдийн 54,4 хувийн саналыг авснаар өрсөлдөгч Геннадий Зюгановыг ялж байв. Тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрүүд амралтын өдрүүдтэй давхцаж байсан учир ихэнх иргэд амралт зугаалгаар явахаар төлөвлөж байжээ. Гэтэл Борис Ельцин Бразилын “Tropikanka” цувралыг гаргадаг телевиз руу залгаж гурван ангийг ар араас нь гаргуулахаар болсон байна. Зах зээлд шилжээд удаагүй байсан Орост амралтын газруудад телевизор байхгүй учир гэртээ үлдэцгээж дуртай киногоо үзэцгээсэн аж. Харин бүтэн өдөр гарсан киноны гурван ангийн дундуур зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явж байжээ.
2. Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд хараалын үг ихээр агуулагдсан реп дуу ашиглан ялалт байгуулж байв. Тус улсын 2012 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж байх үеэрээ тэрээр өрсөлдөгч Николас Саркозийн эсрэг Америкийн алдарт репперууд болох “Jay-Z”, “Kanye West” нарын “Niggas in Paris” дууг сурталчилгаа болгон ашигласан юм. Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлаар иргэд, сонгогчидтой уулзалт хийх бүртээ уг дууг тоглуулж Николас Саркози шиг хүмүүс энэ улсыг үгүй хийнэ. Хэрвээ чи үнэхээр Франц хүн бол энэ дууны утгыг сайтар ойлго гэж байсан аж. Тэрээр үүний үр дүнд Францын түүхэнд залуучуудын саналыг хамгийн ихээр авсан улстөрч болж үлдсэн юм.
3. Хэдий ялалт байгуулаагүй ч АНУ-ын Ардчилсан намын гишүүн Жон Эдвардс намын сунгаанд өрсөлдөх үеэрээ чихрийн шижин, паркинсон болон алзхамер өвчнүүдийг эмчлэх аргыг боловсруулж, Ерөнхийлөгч болмогцоо энэ ажлыг эхлүүлнэ гэж хэлснээр олон хүний доог тохуу болсон юм.
4. Харин АНУ-ын 45 дахь буюу одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын амлалтууд хэдий бүтэшгүй мэт байсан ч тэрээр өнөөдөр мөрийн хөтөлбөрөө бодит ажил хэрэг болгож байгаа. Тэрээр сонгогчдод амласан ёсоороо Мексикийн хил дээр аварга хана барьж эхэлсэн ба Хятад улстай худалдааны дайн өрнүүлээд байна. Мөн Доналд Трамп хэлсэн үгэндээ хүрч Ерөнхийлөгч болмогцоо “Oreo” жигнэмэг идэхээ больжээ.
5. Вермин Супреме гэх Америкийн улстөрч Массачусетс мужийн амбан захирагчид өрсөлдөх үеэрээ мужийнхаа иргэн бүрд одой морь өгнө гэж амласан юм. Түүний хачирхалтай амлалт үүгээр дуусаагүй бөгөөд хэрвээ конгрессын гишүүн болбол АНУ-ын эдийн засгийг одой морин дээр суурилсан нэн ашигтай хувилбар луу шилжүүлэх лобби хийнэ гэж байжээ. Тэрээр хэзээ ч сонгуульд ялалт байгуулаагүй болохыг бид өнөөдрийн Америкийн эдийн засгийн гол хүчнүүдээс харж болох аж.
Эх сурвалж: