МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж буй тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140.000 аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж. Эдгээрийн дийлэнх олонх буюу 84 хувь нь 10 хүртэлх тооны ажиллагсадтай гэсэн судалгаа гарчээ. Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохион байгуулж буй энэ хаврын үзэсгэлэн худалдаа нь том талбай шаардлагагүй буюу бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байгааг MҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлсэн. Энэ нь жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй юм байна. 2019 оныг Засийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан тул хаана, ямар онцлогтой, ямар ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулж, мэдүүлэх нь чухал учраас энэхүү үзэсгэлэн худалдаа үр дүнгээ илүүтэй өгнө гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцох аж. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын “Бизнес Контакт ХХК”-ийн “Ворота в Азию-2019” олон улсын үзэсгэлэнгийн 30 дахь удаагийн нээлтийг хамтатган зохиох юм байна. Мөн ОХУ-ын Краснодар, Ростов хотуудаас ирсэн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болох гэнэ.