Канадын Онтарио мужийн иргэн Жордан олон нийтийн сүлжээнд нэгэн сонирхолтой болсон явдлынхаа тухай өгүүлжээ. Тэрбээр Биби гэдэг нэртэй нохой тэжээдэг аж. Түүний нохой нь өглөө болоход л ямар нэгэн амьтны яс цуглуулчихсан байдаг, харин гэрийнх нь ойролцоох хог энд тэндгүй тарсан дүр зурагтай байх болж гэнэ. Ийм байдалтайгаар гурван өдрийг өнгөрүүлсэн бөгөөд энэ талаар Жордан “Манай нохой сүүлийн үед сэжигтэй, танихгүй хүн, амьтан ирвэл хуцаж чимээ өгдөг хялбар ажлаа умартан баавгайнаас авлига авсан нь илэрлээ” хэмээн жиргэжээ.
Түүний хэлснээр Биби нохойд нь ойн хар баавгай өөрийн барьсан бугын яснаас авчирч өгөөд, хариуд нь тэдний хогийг дураараа онгичдог бололтой. Харин Биби юу ч болоогүй мэт чимээ аниргүй өнгөрөөдөг нь авсан авлигадаа сэтгэл хангалуун буйн шинж гэсэн байна.
Жордан энэ явдлаас болж эзнээсээ илүү өөрийн эрх ашгаа илүүд үздэг Биби нохойгоо явуулахаар шийдсэн гэдгээ ч твиттерт бичжээ. Харин жиргээчдийн нэг хэсэг нь Бибиг баавгайд бариулчих вий гэж өмөөрсөн бол нөгөө хэсэг нь “Нохойноос илүү баавгай зөв сонголт хийжээ, Капиталист нийгэмд юуг, яах нь тэдний дур”, “Бибид илүү сайн цалин өг”, “Хүнээс илүү ухаантай нохой байна” гэх мэтээр жиргэж 5 хоногт 320 000 гаруй лайк авсан байна.
Харин Жорданы тайлбарласнаар Онтариогийн хойд хэсэгт байдаг хар баавгай нь хор хөнөөл багатай тул нохойг барих аюул эрсдэл маш бага учраас түүнийг гадаа тэжээдэг аж. Хэрвээ аюултай байсан бол нохойгоо гэртээ тэжээх байсан гэнэ.