Дэлхийд

Ливан дахь эрхтний худалдаачинтай хийсэн ярилцлага

Абу Жаафар юугаар амьдралаа залгуулдаг тухайгаа ярихдаа нүд нь бардам гэгч нь гэрэлтэж байв

18190850_195934290919542_785334836_n-300x169 Ливан дахь эрхтний худалдаачинтай хийсэн ярилцлага

Тэр уушийн газарт хамгаалагчаар ажиллаж байгаад эрхтний худалдаа эрхэлдэг хүмүүстэй танилцжээ. Түүний гол даалгавар бол биеийнхээ нэг хэсгээс зарахаас өөр аргагүй болсон хүмүүсийг хайж олох явдал юм. Ливанд Сириэс дүрвэгсэд цутгах мэт асар ихээр орж ирснээр түүний хувьд олон шинэ боломжийг нээж өгчээ.

“Тийм ээ, би хүмүүсийг ашигладаг” хэмээн ярих Абу Жаафар “Эдгээр хүний олонх нь төрөлх Сиридээ амиа алдаж ч болох л байсан шүү дээ” хэмээн нэмж тэмдэглэв. Эрхтнээ худалдана гэдэг тэдний туулж өнгөрүүлсэн зовлонгийн дэргэд юу ч биш хэмээн тэрбээр хэллээ. “Би ч тэднийг ашиглаж, тэд ч ашиг хүртдэг” гэв.

Түүний үйл ажиллагаагаа явуулдаг гол оффис нь Бейрут хотын урд хэсэгт, хүн ам шигүү суурьшсан нэгэн дүүрэгт орших гялбар брезентээр бүтээсэн өгөршсөн байшин буюу бяцхан кофены газар юм. Өгөршиж зэвэрсэн байшингийн нэг буланд хуучин тавилгаар дүүрэн өрөө байх агаад өрөөний булан бүрт тортой тоть өлгөөтэй байх аж.

Түүний хэлж буйгаар энд л тэрбээр сүүлийн гурван жилийн турш 30 дүрвэгчийн эрхтнийг зарах ажиллагааг зуучилсан гэнэ. “Ихэвчлэн бөөр сураглаж ирдэг. Гэхдээ би өөр эрхтнүүдийг ч олж авч чадна” хэмээн Жаафар ярив. “Нэг удаа өрөөсөн нүдний хүсэлт ирсэн. Би ч нүдээ зарахад бэлэн үйлчлүүлэгчийг олж чадсан шүү. Би нүднийх нь зургийг аваад Whatsapp-аар залуустаа батлуулахаар явуулсан. Дараа нь би өнөөх үйлчлүүлэгчийг хүргэж өгсөн” хэмээв.

Түүний ажилладаг энэхүү нарийн гудамж дүрвэгсээр дүүрэн аж. Ливанд ойролцоогоор дөрвөн хүн тутмын нэг нь хөрш Сириэс ирсэн дүрвэгсэд байдаг. Тэдний олонх нь Ливаны хуулийн дагуу ажил эрхлэх боломжгүй. Тиймээс олон айл өрх өдөр хоногийг арайхийн аргацааж өнгөрүүлдэг.

Гэхдээ хамгийн хүнд хэцүү байдалтай байгаа нь палестинчууд. Сирид тэднийг дүрвэгсэд гэж тооцдог байсан учраас НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг тэднийг Ливанд дахин бүртгэх боломжгүй болжээ. Тэд пиг дүүрэн лагериудад амьдарч, хүмүүнлэгийн тусламжийг барагтай л бол авч чаддаггүй юм байна.

Бас нэг хүнд байдалд байгаа хүмүүс бол 2015 оны тавдугаар сараас хойш Сириэс ирсэн дүрвэгчид. Ливаны засаг захиргаа НҮБ-аас шинэ дүрвэгсдийг бүртгэхээ зогсоох хүсэлт гаргасны дараа ирсэн хүмүүс гэсэн үг. “Дүрвэгчдийн статус авч чадаагүй хүмүүсийн хувьд энд амьдрахад тун хүнд. Тэдэнд хийх юм ч байхгүй. Тэд арга мухардаж, эрхтнээ зарахаас өөр амь зогоох аргагүй байдаг” хэмээжээ.

Дүрвэгчдийн зарим нь гудамжинд гуйлга гуйдаг. Ялангуяа хүүхдүүд гуйлга гуйх нь их аж. Жаахан хөвгүүд гутал цэвэрлэж, түгжрэлд орсон машинуудын дунд худалдаа эрхэлж, машины цонхоор бохь, амны цаас зардаг байна. Ийнхүү тэд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт ордог аж. Харин зарим нь биеэ үнэлдэг.

Харин эрхтнээ худалдах нь хурдан хугацаанд хангалттай их мөнгөтэй болох боломж юм. Абу Жаафарын хувьд сонирхсон нэр дэвшигчээ олсон тохиолдолд тогтоосон нэг өдөр түүний нүдийг нь боогоод нууц газар аваачдаг байна. Заримдаа эмч нар хөлсний байшинд хагалгаа хийдэг. Түр эмнэлэг болгосон энэ байранд хагалгаанаас өмнө донороос цусны хэд хэдэн шинжилгээ авдаг.

“Харин хагалгаа дууссаны дараа би буцааж хүргэж өгдөг” хэмээн Жаафар ярьж байна.

“Би тэднийг бараг долоо хоног, оёдол нь эдгэтэл эргэж тойрч, харж ханддаг. Харин оёдол нь эдгэмэгц бидэнд тэдэнтэй зууралдах ажил байхгүй болдог. Миний хувьд үйлчлүүлэгч үхнэ үү, байна уу ердөө ч хамаагүй. Би хүссэнээ авсан. Үйлчлүүлэгч ч мөнгөө авсан болохоор цаашид яах нь миний асуудал биш” хэмээн Жаафар үргэлжлүүлэн ярив.

Түүний хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч нь аав, ах нараа амь үрэгдсэнээс хойш Сириэс зугтаж ирсэн 17 настай хүү байжээ. Тэрбээр Ливанд гурван жил амьдарсан ч ажилгүй, өр ширэндээ баригдсан тул ээж, таван эмэгтэй дүүгээ арайхийн амь залгуулан тэжээдэг байсан аж. Тиймээс хүү Абу Жаафарын тусламжтайгаар баруун бөөрөө 8000 ам.доллараар зарахаар болжээ. Хүү хагалгаанд ороод хоёр хоноход өвчин намдаах эм уусан ч өвдсөөр байсан гэнэ. Тэр нэг сууж, нэг хэвтэж, аль болох өвчнөө намдаахыг хүсч байв. Гэвч нүүрэнд нь хар хөлс дааварлаж, шархных нь завсраар цус шүүрч байлаа. Абу Жаафар сүүлчийн гэрээгээрээ хэчнээн хэмжээний мөнгө өгснийг ярихаас татгалзав. Түүний хэлснээр донор авсан эрхтнүүд цаашид яахыг мэдэхгүй, ихэвчлэн хил давуулаад авч гардаг гэжээ.

Ойрхи Дорнодод соёл, шашин, уламжлалаасаа болоод эрхтэн шилжүүлэн суулгах, эрхтэн зарах асуудалд таагүй ханддаг. Олонх гэр бүл талийгаачдыг шууд л оршуулдаг байна. Гэхдээ Абу Жаафарын баталж буйгаар түүнээс гадна Ливанд долоон зуучлагч үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэрбээр “Бизнес маань ч цэцэрлэгч байна. Огт зогсолтгүй өсөж байна гэх үү дээ. Сирийн цагаачлалын давалгааны дараа Ливанд ирснээс хойш жинхэнэ тэсрэлт эхэлсэн” хэмээн ярив.

Абу Жаафар хууль зөрчиж байгаагаа мэдэж буй ч төр засгаас айхгүй байгаа гэнэ. Тэр ч бүү хэл огт ичиж зоволгүйгээр энэ талаар ярьж байгаа юм. Түүний гар утасны дугаар байшингийнх нь ойролцоох ханан дээр бичээстэй байдаг аж.

Тус дүүрэгт хүмүүс Жаафарыг хүндэлж, бас айдаг. Тэрбээр биедээ гар буу хүртэл авч явдаг байна. “Миний хувьд хууль бус юм хийж байгаагаа мэднэ. Гэхдээ би хүмүүст тусалж байгаа шүү дээ. Үүнийгээ ч харж байна. Үйлчлүүлэгч энэ мөнгийг өөрийнхөө болон гэр бүлдээ сайн сайхан амьдрал босгохын тулд ашиглаж байна. Тэд маш худалдан авч, таксины жолоочоор ажиллах, эсвэл өөр улс руу явах ч боломж бий” хэмээн үргэлжүүлэн ярилаа. “Би энэ хүмүүст тусалж байгаа болохоор хууль ямар ч хамаагүй” хэмээн Жаафар өгүүлж байна.

Түүний хэлж буйгаар хууль ч хүнийг ядуу хоосон болгож, ажиллах, тусламж авах боломжийг нь хязгаарлаж байгаа гэнэ. “Миний хувьд хэнийг ч хагалгаа хийлгэ гэж албадаагүй. Би зүгээр л хэн нэгний хүсэлтэд тусламж үзүүлж байгаа хүн” хэмээжээ.

Абу Жаафар гэдэг нь түүний жинхэнэ нэр биш. “ВВС” агентлагийнхан түүний нэрийг нууцлах нөхцөлтэйгөөр ярилцах зөвшөөрөл авчээ.

Э.МӨНХЗАЯА

ugluunuu_sonin_logo-1-300x40 Ливан дахь эрхтний худалдаачинтай хийсэн ярилцлага

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close