“Хэвлэлийн эрх чөлөөний хууль зүйн баталгаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2019.05.15/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Уг хэлэлцүүлгийг Сургалт судалгаа, хөгжлийн хүрээлэн, “Глоб интернэйшнл”, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв” Төрийн бус байгууллага, Хүмүүнлэгийн их сургуулийн болон Монго Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт өнөөдөр 440 орчим байгуулага үйл ажиллагаа явуулж байна. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 80 орчим хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Энэ нь 3,5 сая хүн амтай манай улсын хувьд дэлхийн нийтийн жишигтэй харьцуулахад дээгүүрт орох тоон үзүүлэлт юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахимжих хандлага нэмэгдэхийн хэрээр хуурамч, сенсааци хөөсөн мэдээлэл газар авах хандлага өсөн нэмэгдсээр байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт хараат бус сэтгэл зүй, ил тод шударга өрсөлдөөн ус, агаар мэт хэрэгтэй байгаа учраас өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөн ярьж байна гэж зохион байгуулагчид хэлж байв.
МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор М.Зулькафиль “Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр сэтгүүлч мэргэжлээр төгсч байгаа оюутнуудын талаарх боловсон хүчний асуудал дутмаг байна гэсэн асуултад “Монголын их, дээд сургуулийг жилд 350 орчим оюутан сэтгүүлч мэргэжлээр төгсч байна. Эдгээр оюутнуудын 30 хувь нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Сэтгүүлч болох нь эдийн засагч, инженер болохоос өөр асуудал юм. Тийм учраас элсэлтийн шалгалтаас эхлээд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Шинэ сэтгэлийн хүсэл зорилго тэмүүлэлтэй байж, маш өндөр түвшний хөдөлмөрлөх чадвартай, байгалиас заасан өчүүхэн авьяастай байж сэтгүүлч болно. Хэрвээ энэ гурав тухайн сэтгүүлч болох хүнд байхгүй бол мянга тэр хүнийг бэлдээд сэтгүүлч болохгүй. 10 жилийн сургуулийн боловсрол муудаж байгаа сэтгүүлч мэргэжлийг сонгоод орж ирсэн оюутнуудаас харагдаж байна. “Дайн ба энх” зохиолыг уншсан уу гэх асуултад хариулт өгч чадахгүйгээр оюутан болж байна. Германд ажилд авах нөхцөл нь өөр байдаг. Тухайн хүн редакцийн дотоод журмыг гурван өдөр судалж, шийдвэрээ гаргадаг. Гэтэл өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад энэ асуудал дутмаг байгаа нь сэтгүүл зүйн нэр хүндийг унагаж байна” гэсэн юм.
Өнөөдөр нийгмийн амьдралд хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулсан бие даасан хуулиуд хэрэгжиж байна. 1998 оны Хэвлэл, Мэдээллийн тухай хууль, 2005 оны Олон Нийтийн радио телевизийн тухай хууль, 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиуд үйлчилж байна. Түүнээс гадна манай улсад үйлчилж байгаа 450 гаруй хуулийн 94-т нь хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой ямар нэг заалт орсон байдаг. Гэвч өнөөгийн нийгмийн харилцаанд тэр тусмаа хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаанд бид дээрх хуулиудынхаа ерөнхий үзэл баримтлалыг дэмжин ажиллахын зэрэгцээ нийгэм, цаг үеийнхээ байдалд тохируулан хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Сэтгүүлзүйн салбар дотроо ч бид үүнийгээ хэлэлцэх ёстой учраас уг хэлэлцүүлэгийг хийж байгаа гэж зохион байгуулагчид онцолж байв.
“Хэвлэлийн эрх чөлөөний хууль зүйн баталгаа” сэдэвт хэлэлцүүлэгт “Глоб интернэйшнл” Төрийн бус байгууллагын хуульч Л.Галбаатар, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийг үүсгэн байгуулагч, сургагч багш С.Чимэддондог, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, “Сургалт судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор П.Хишигбаяр нар үндсэн илтгэгчээр оролцож байна.
МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор М.Зулькафиль