Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоноос хойш хоёр жилийн дараа ард түмэн дунд төрийн тэргүүний нэр хүнд өсөн нэмэгдэж, засаглалыг гартаа төвлөрүүлж, Москва, Бээжингийн зүгт идэвхтэй хөвөх болсонд өрнөдийнхөн түгшиж эхэлсэн талаар “Блүүмберг”-т бичжээ.
Сонгогчид ар араасаа солигдсон Засгийн газрууд агаарын бохирдол, орлогын тэгш бус байдал нэмэгдсэн зэрэг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаа юм. Энэ үед “хүчирхэг эр”-ийн имиж, авлигатай тэмцэх асуудлаар популист кампанит ажил явуулсан нь Х.Баттулгыг илүү нэр хүндтэй болгожээ.
Монгол Улсын олон улсын дүр төрх бол Орос, Хятад, АНУ-ын нөлөөг тэнцвэржүүлэхэд чиглэгдсэн нарийн тоглоом дээр тогтдог. Гэтэл өрнөдийн ардчилагчид Монгол Улсыг ардчиллын баян бүрд гэж харж байх зуур Орос, Хятадын дунд хавчуулагдсан энэ улс ихэнх зүйлээрээ хөршөөсөө хамааралтай байна гэж тус хэвлэлд тэмдэглэжээ.
Вашингтон Улаанбаатарыг “тэвэр”-тээ үлдээхийг оролдож байна. Энэ сард Конгрессоор ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлоход гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл орж ирсэн юм. Үүгээрээ Монгол Улс эрдэс түүхий эдийн нийлүүлэлтээр хязгаарлагдалгүйгээр дэлхийн зах зээл дээр гарахаар оролддог.
Худалдааны харилцааг сайжруулах санаачилгыг гаргасан сенатч Бен Кардин Монгол Улсыг “авторитаризмын тэнгис дэх тогтвортой ардчилал”, Ази дахь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зорилгодоо хүрэх улс гэж нэрлэжээ. Гэвч Х.Баттулга хөршүүдтэйгээ илүү ойртон дотносох бодлоготойгоо илэрхийллээ. Өнгөрсөн 09 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Владивостокт уулзалт хийх үеэрээ ОХУ-тай харилцах нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл гэж мэдэгдсэн билээ.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн Ардчилсан нам парламентын 76 суудлын 9-ийг нь л эзэлдэг ч Х.Баттулга авлигын эсрэг кампанит ажлаараа гишүүдийн дэмжлэгийг авч чадсан юм. Энэ нь тэрбээр хууль тогтоох байгууллагаараа дамжуулан шаардлагатай шийдвэрээ гаргах боломжийг бүрдүүлж байна. Үүнтэй зэрэгцээд өмнө нь Ерөнхийлөгчийн үүрэг Ерөнхий сайдын өргөн бүрэн эрхээр хязгаалагддаг байсан бол ач холбогдол нь нэмэгдэж эхэлжээ.
Монголд хүмүүс Орос, Хятад шиг авторитар засаглалыг илүүд үзэх нь нэмэгдэж байна гэж Ерөнхийлөгчтэй нэг намын гишүүн Сүхбаатар Цэдэнжав мэдэгджээ.
Засаглалыг төвлөрүүлэх асуудал нийгмийн хүнд байдлаас гарсан юм. Монгол Улсад 2010-2013 онд ажиглагдаж байсан богино хугацааны өсөлт түүхий эдийн үнэ унаснаар дуусгавар болсон. Үүний улмаас 2017 онд ОУВС-д хандахаас өөр аргагүй болсон билээ. Энэ нөхцөлд монголчуудын хувьд Ерөнхийлөгч нь энгийн иргэдийнхээ амьдралыг сайжруулж, улс орондоо цэвэрлэгээ хийх нэгэн болж харагдсан юм.
Б.Нарансолонго