ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюутолгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэр Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа хэмээн мэдэгдэв.
Тэдний нэрийг одоогоор хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа. “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.
“Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав.
Түүнчлэн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан талаарх хардалтын тухайд “Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан тул би хууль хяналтын байгууллагуудаас тодруулахад одоогоор тийм асуудал албан ёсоор ирээгүй, шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч иргэд хардах эрхтэй тул цаашид энэ талаар хянаж шалгах байх” гэлээ.