Санхүү, эдийн засгийн “Financial Times” сэтгүүлд Оюутолгойн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг “Рио Тинто” компанийн засаглалтай холбон тайлбарлажээ.
Австралийн уул уурхайн компани “Рио Тинто” нь жилд 550 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэйгөөр Монголын “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өссөөр байгаа юм. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй тул Оюутолгой нь “Рио Тинто”-гийн хувьд маш чухал ач холбогдолтой төслүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч уг төсөл зарим нэг техникийн асуудалтай тулгарч, 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийж чадахааргүй байж мэдэхээр дүр зураг харагдаж эхэллээ. Тиймээс “Рио Тинто” компанийн удирдлагууд өнөөдөр /2019.05.14/ Канадад яаралтай хурал зарлаж, Оюутолгойн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
“Рио Тинто” нь Оюутолгойн төслийг удирддаг ч уг ордод шууд хувь эзэмшдэггүй. Оюутолгойн ордын 66 хувь нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 2,9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” компанийн эзэмшилд, үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг. Харин “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ын 50,8 хувийг эзэмшдэг.
“Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт жил бүр Канадад зохион байгуулагддаг. Энэ жилийн уулзалт тавдугаар сарын 13-14-нд болж байна. Энэ үеэр тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг буюу 10,9 хувийг эзэмшигч АНУ-ын Сан Францискод төвтэй, уул уурхайн салбарынханд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “SailingStone Capital” компанийн удирдлагуудын зүгээс гаргах санал хамгийн их анхаарал татаж байгаа гэнэ.
Учир нь, тус компанийн хамтран эзэмшигч Макензи Дэйвс дөрөвдүгээр сарын сүүлээр илэрхийлсэн байр сууриа хадгалсаар байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Бид Оюутолгойн гүний уурхайн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-төй хамтран ажиллахыг зорьж байгаа ч компанийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна.
“Turquoise Hill Resources”-ийн ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс хойш сууж байгаа тул бидэнд тус компанийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид сэтгэл хөдлөлөөр гаргаагүй.
Уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалт дээр тулгуурлан ийм шийдвэрт хүрсэн. Гэхдээ энэхүү төсөл нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард иргэд, Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид бүгд нэгэн сэтгэлээр алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэж хэлжээ.
Мөн “SailingStone Capital” компанийн зүгээс “Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Рио Тинто” компанитай Оюутолгойн төсөлд хамтран ажилласан туршлагаас үзвэл тэд бидний эрх ашгийг хүндэтгэн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй.
“Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ийн 50,8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах түвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалыг зөрчиж байна. Энэ компанийн хувьцаа муу үзүүлэлттэй байгаа нь удирдлагуудтай шууд хамааралтай. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орох, энэ том төсөл алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй.
Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн “Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Монгол Улсад Оюутолгойн асуудлаар шалгалт хийгдэж буй маш эмзэг үетэй давхцаж байна.
Монголчууд гадныхан байгалийн баялгийг нь эзэмших асуудалд тун эмзэг ханддаг ард түмэн” хэмээжээ. Энэ саналыг “Turquoise Hill Resources”-ийн өөр бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS” болон “Glass Lewis” компаниуд дэмжиж байгаа аж.
“Рио Тинто”-гийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээ танилцуулах болно гэсэн байна. Харин “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, дотоод үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: https://news.mn/r/2133665/