Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байгаа бөгөөд ихэнхдээ салхи шуурга ихтэй, орон нутгаар хур тунадастай байгаа. Энэ нь малчдад ямар нэгэн байдлаар эрсдэл учруулж, амь насаа алдах хүртэл тохиолдлууд гарч байна. Тухайлбал, онцгой байдлын албаныхны мэдээлснээр:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Мажигийн бууц” гэдэг газар 50 настай С /эмэгтэй/ малдаа яваад сураггүй болж, улмаар нас барсан байжээ. Тодруулбал, энэ сарын 11-ны өдрийн 16:00 цагийн орчимд тэрээр малдаа явсан аж. Түүнийг сураггүй болсон гэдгийг тухайн өдрийн 19:23 цагт мэдэгдсэний дагуу нийт 24 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар энэ сарын 12-ны өдрийн 11:34 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т “Наран” гэдэг газраас цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Цагаан-Овоо багийн “Долоодойн бууц” гэдэг газар 54 настай малчин Э /эрэгтэй/ 50 настай Ц /эмэгтэй/ нар энэ сарын 11-ний 17:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт энэ сарын 12-ны 11:15 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, “Тэгш дүүрэн” ХХК-ийн 6 ажилтан, нийт 10 хүн эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч гурван цаг хагасын дараа тэднийг гэрээсээ зүүн урд зүгт 2 км-т “Шорвог-Ус” гэдэг газраас нас барсан байсныг олж цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Харин сайн мэдээ гэвэл, тус аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Мааньт” гэдэг газар 28 настай малчин Ч /эрэгтэй/, 40 настай Б /эмэгтэй/, 54 настай М /эмэгтэй/ нар энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Тухайн өдрийн 22:05 цагт энэ тухай дуудлага ирж, нийт 11 хүн эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн дүнд “Эрдэнэ толгой” гэдэг газар иргэн Б-гийн гэрт Б нь осголтын байдалтай очсон байсан бол М нь энэ сарын 12-ны үүрийн 05:00 цагт гэрээсээ урд зүгт 6 км-т Б гэдэг айлд эсэн мэнд очжээ. Харин Ч нь 12-ны өдрийн 16.30 цагт “Гэдэргийн-Ар” гэдэг газар малтайгаа явж байсныг эсэн мэнд олсон байна.
Иймд хол замд яваа ард иргэд болон малчид цаг агаарын мэдээг цаг тухайд нь хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөрсдийн амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулалгүй, аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулан сануулж байна.