БНСУ-ын Засгийн газраас тус улсад оршин суугаа бүртгэлгүй хууль бус иргэдийг илрүүлэх хамтарсан шалгалтыг эрчимжүүлэхээр яаравчилж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт бүртгэлтэй гадаадын 2.38 сая ажилчдын 15 хувийг эзлэх хууль бус 356 095 иргэн болон нэмэгдсэн байгаа нь шууд Пёнг Чан-2018 өвлийн олимптой холбоотой хэмээн үзэж буй аж.
40-өөс дээш насныхан тус улсад хөдөлмөрлөнө гэвэл “харлах”-аас өөр аргагүй болдог
Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байгааг БНСУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн. 2018 оны байдлаар БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь 1.4 тэрбум хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байгаа аж. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог байна.
“Хууль бус иргэдийг илрүүлэх зорилт болон төлөвлөгөөт ажлыг цалгардуулан, шаардлагатай гэж үзсэн үедээ л шалгалтыг зохион байгуулж цөөн тооны бүртгэлгүй иргэдийг илрүүлэн, зөвхөн байх ёстой гэж үзсэн түвшинд тулган ажиллаж байна” гэсэн мэдээллүүдийг Солонгосын Засгийн газар эрс эсэргүүцсэн ба уг ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа гэж мэдэгджээ.
Гэвч БНСУ-ын гадаадын иргэдийг ажиллуулах зөвшөөрлийн нас болон ажлын байрны заалтууд нь учир дутагдалтай байгаа талууд ажиглагддаг байна.
Жишээ нь, тус улсад ажиллах эрх бүхий гадаадын ажилчид нэг удаа гэрээ хийсэн байгууллагадаа гомдол гарган ажлын байраа солих эрхтэй байдаг бөгөөд гурван сарын дотор ямар нэгэн ажлын байранд бүртгүүлэхгүй бол хууль бус иргэн болох заалттайн дээр 40-өөс дээш настай гадаадын иргэнд ажлын байр олгохыг хориглосон зэрэг заалтууд нь хууль бус иргэдийг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байгаа ажээ.
БНСУ-ын гадаадын хөдөлмөрчдийг ажиллуулах тухай заалтад 18-40 хүртэлх насны гадаадын иргэн ажиллуулахыг зөвшөөрдөг бөгөөд 40-өөс дээш насныхан тус улсад хөдөлмөрлөнө гэвэл “харлах”-аас өөр аргагүй болдог байна.
БНСУ-ын барилгын салбарын туслан гүйцэтгэгчид хууль бус иргэдийг шахах бус дэмжих шаардлага тавьжээ
БНСУ-ын Прокурорын газар нь 40-50 насны гадаадын хууль бус иргэдийг хамгаалах хамгийн сайн нуувч нь тус улсын барилгын салбарууд байдаг гээд уг газруудад хийх хяналт шалгалтыг чангатгахаа мөн өчигдөр мэдэгдээд байгаа юм. Гэвч барилгын салбаруудад туслан гүйцэтгэгчийн зардал, ажлын цагийг танах шаардлага тавьсан нь тэдэнд ажлын хямд хүчийг сонгохоос өөр аргагүй нөхцлийг бүрдүүлсэн гэж ажил олгогчид санал нэгдээд байгаа гэнэ. Учир нь гадаадын ажилчдын цалин хөлс нь дотоодын ажилчдаас 30-40 хувиар бага, ажиллах цагийн зарга хийдэггүй зэрэг давуу талуудтай. Тиймээс Өмнөд Солонгосын барилга, байгууламжийг хурдан шуурхай босгоход үнэтэй хувь нэмэр болж буй гадаад ажилчдыг ад үзэлгүй талархах нь зүйтэй хэмээн Туслан гүйцэтгэгчдийн зүгээс үзэж байгаа бөгөөд Прокурорын байгууллагын дээрх шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.
Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр 2000-2017 оны хооронд нийт 34 800 гадаадын хууль бус иргэнийг албадан гаргажээ.