Амжилт хэзээ ч захиалгат хоол шиг таны хүссэн цагт, хүссэн газарт, таны аясаар ирдэггүй. Харин амжилттай яваа хүмүүсийн бие авч яваа байдлыг “уншиж чадвал” та энэ талаар илүү мэдлэгтэй болох болов уу. Иймд амжилттай яваа хүмүүс ямар зан гаргадаггүй вэ. Энэ талаар entrepreneur.com-д хэрхэн бичсэнийг сонирхъё.
Тэд хэзээ ч гэнэн байдаггүй
Хашраас алддаггүй гэдэг дээ. Энэ бол суутнуудын амжилтаа олсон гол зарчим. Тэд шалтгааныг хэзээ ч “юу ч биш” гээд орхиод гардаггүй. Учир, холбогдлыг ойлгоход тэд цагаа үргэлж зарцуулдаг.
Сандардаггүй
Бизнесийн ертөнц бол амьд үлдэхийн төлөөх тулаан. Юмс хэзээ ч яг таны төлөвлөснөөр явахгүй. Тэгж ч мөрөөдөх хэрэггүй. Таны төсөөлж байсан зүйл тэс ондоогоор эргээд аймшигтай өөрчлөлтийг ч авчирч мэднэ. Үүнийг ч гэсэн та өөрөө дагаад хямарчихвал хэзээ ч оргилд нь гарахгүй. Тайвшраад, урт амьсгаа аваад эхнээс нь эхэл.
Хэн нэгнийг тахин шүтдэггүй
Таашаал хүртэнэ гэдэг амжилтын амт мөн. Гэхдээ үүнийг хэтрүүлбэл тэр нь таны эсрэг босох болно. Хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн зүйлийг хэт тахин шүтсэн хүмүүс үргэлж замаасаа төөрдөг юм шүү.
Залхуурлаас ангижрах
Том амжилтад хүрэхээр та зөгнөж байгаа бол хаашаа ч зайлахааргүй нэг үнэнтэй эвлэрэх ёстой. Энэ бол хичээнгүй зүтгэлээр бий болдог зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүгээр, дүрэм журам гэж яагаад байдаг, үүнд хүмүүс яагаад сахилга баттайгаар ханддагийг тайлбарлах боломжтой юм. Ихэнх хүмүүс зүгээр л залхуураад сууж байдаг учраас гараас нь юм гардаггүй. Харин амжилтанд хүрсэн хүмүүс сахилга батыг ягштал баримталдаг аж.
Шантардаггүй
Стив Жобс “Амжилттай бизнесмэнүүдийн тэн хагас нь аз нь хаясан гэгдэж байсан хүмүүсийн дундаас төрсөн байдаг” гэж хэлсэн нь бий. Үүгээр тэрээр няцаж, шантаршгүй байдал амжилт бий болгодог гэдгийг хэлэхийг зорьжээ. Маш олон хүн газраас гэнэт хэтэвч дүүрэн мөнгө олно гэж итгэдэг ч үнэндээ ингэж бодох нь юуг ч өөрчлөхгүй гэдгийг ойлгодоггүй.
Буруутныг бусдаас хайдаггүй
Амьдралд асуудал бэрхшээл мундахгүй олон. Гэхдээ уураа бусад хүмүүсийг буруутгах, буруутан хайхад ашиглана гэдэг амжилтаа алж буйгаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө бурууг бусдад тохсоноор таны санаа амарч байгаа бол та “түүхийгээрээ” байна гэж ойлго. Таныг бухимдуулсан зүйлд эргэн тойрны чинь хүмүүс буруугүй.
Амиа хичээдэггүй
Та эргэн тойрныхоо хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхөд анхаарлаа хандуулдаг бол таны авьяас билиг таныг хүссэн газарт чинь хүргэх галт тэрэг болжээ гэсэн үг. Харин та зөвхөн өөртөө л төвлөрөөд байгаа бол энэ нь таны бүтээлч байдлыг тэр чигээр нь үгүй хийх болно. Бизнес бол зөвхөн таны тухай биш энэ бол тэр чигээрээ бизнес. Энэ нь таны хэрэглэгч нар, бас таны бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн хүлээлт, төсөөлөл, туршлага юм.
Өнгөрсөн болоод ирээдүйд амьдардаггүй
Бид өнгөрснөөсөө суралцах ёстой. Гэхдээ өөрийгөө буруутгахын тулд үүнийг ашиглах нь даанч буруу. Бас ирээдүйд ч амьдрах хэрэггүй. Тэгэх болов уу ингэх болов уу гэсээр санаа зоволт таныг тайван байлгахгүй. Та харин яг одоо байгаагаараа амьдар. Ус ууж байгаа бол усаа л уу. Элдэв юм бодож бүү шанал.
Ялихгүй зүйлст ач холбогдол өгөхөө боль
“Бүү санаа зов”, “Бүх зүйл сайхан болно” зэрэг үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээ та энэ үгийг өндөр бүтээмжтэй хүмүүсээс тэр бүр сонсохгүй. Тэдэнд шийдэх ёстой их ажил байдаг учраас аар саар зүйлд цагаа үрэх дургүй байдаг.
Хэт мэдрэмтгий биш
Та хэт эмзэг бол хамгийн жижиг шүүмжлэл хүртэл таныг галзууруулна. Бүх л жижиг зүйл таныг “гэмтээж”, та хэзээ ч жинхэнэ бизнесийн ертөнцөд хөл тавьж чадахгүй. Бизнесийн томоохон амжилттай яваа хүмүүс алиа шогч зантай байдаг, эсвэл даруу дөлгөөн байдаг нь үүнтэй холбоотой аж.
Заавал мундаг байх гэж хичээдэггүй
Өөрийгөө бусдаас өөр, эсвэл мундаг байх ёстой гэж битгий шаард. Аливааг эергээр, энгийнээр харахыг хичээ. Та угаасаа тийм уруу дорой хүн биш. Заавал өөрийгөө мундаг гэж зарлах гэж оролдох хэрэггүй. Бүх юм болдгоороо л болно.