НМХГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид өнөөдөр (2019.05.13) үүрээр “Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ. Тус захад өнөөдөр орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагджээ.
Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрчээ.
Иймээс иргэд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг үзэж, сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.