Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ учир шалтгааны улмаас 2019 онд иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа юм. Эдийн засагчдын урьдчилан тооцож байгаагаар 1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ашиг хуваарилна гэж байгаа. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг иргэдэд нэг удаа өгснөөс улс орны бүтээн байгуулалтад зарцуулах нь эдийн засгийн үр ашиг талаасаа илүү ач холбогдолтой гэдэг нь тодорхой.
Мөн энэ жил ногдол ашиг хуваарилахгүй байх нь иргэдэд тусах хожмын үр өгөөж нь илүү байна гэдгийг зарим шинжээчид тооцжээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд очих ёстой ногдол ашгийг бусад төсөлдөө хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж хувьцаа эзэмшүүлэх байдлаар худалдан авах ёстой гэсэн санааг зарим эксперт гаргажээ. Хэрэв энэ нь боломжтой гэвэл иргэд дээрхи чиглэлийн төмөр замуудын хувьцааг давхар эзэмшигч болно гэсэн үг.
Барьж байгуулахаар зорьж байгаа төмөр замын энэ чиглэл нь Монголын уул уурхайн эрдэс баялгийг экспортод гаргах гол зам байна гэдэг нь тодорхой. Энд ганц нүүрс бус зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш гэхчлэн бусад эрдэс баялгийн тээвэрлэх асуудал яригдана. Тэгэхээр эдгээр замын үр ашиг орлого өндөр байх нь тодорхой юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэхэд л долоон жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэж байгаа. Тэгэхээр иргэд төмөр замынхаа хувьцаа эзэмшигч болбол хүртэх ашгийн хэмжээ тогтвортой байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Харин ийм боломж байгаа юу?
Компанийн тухай хуулийн 46.7-д “Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн давуу эрхийн хувьцаагаар хуваарилах нөхцөл боломжийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн хүрээнд судалж эхэлсэн.
Ш.Түвдэнбалжир